Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрсийг хамаарал бүхий компаниудаараа хил давуулснаараа тэргүүлдэг А.Адъяасүрэн

0

Манай редакцийн зүгээс Лист-76 буландаа УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшиж буй улс төрчдийг хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж буй. Өмнөх дугааруудад УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангайгаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид болох Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Ганбаатар нарын тухай мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаартаа мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй А.Адъяасүрэнгийн тухай нийтлэж байна.

Аль аль намууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр улс төрчдийг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч МАН, АН-ынхны нэр дэвшигчидээс цөөнгүй нь  нэр цэвэр биш байна. АН-аас л гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбоотой, намаа муухай харагдуулж байгаа хэд хэдэн хүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Түүний тухайд түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сонгогдохдоо 19076 хүний санал авч гишүүн болж байв. Гишүүн болоод 4 жил болсон ч түүний санаачилсан, батлуулсан гэх шошготой хууль лав байхгүй.

1996-1998 онд Монгол Улсын Багшийн Их Сургуульд багш,1997-2001 онд Монгол мэдлэгийн их сургуульд багш, 2000-2020 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал тус тус хийж байсан.

Түүний холбогдсон авлигын алдарт хэрэг бий. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд  100 мянган ам.долларын хахууль өгсөн гэх хэрэгтэй нэр холбогддог. Энэ хэрэг шүүхийн шатанд шилжсэн гэдэг мэдээлэл бий. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татан шалгасан ч одоо энэ асуудал нь тодорхойгүй намжчихсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч нүүрсний сонсголын үеэр “100 мянган долларын авлигын хэрэг одоо шүүх дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шатанд яваа. Гэтэл хахууль өгсөн этгээдгүйгээр байгаа” гэж мэдэгдэж байв.

А.Адъяасүрэнгийн тухайд мөн нүүрсний хулгайд нэр холбогддог. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдсан ч мултарч чадсан адтай. Нөгөөтэйгүүр түүнийг  Х.Баттулга ахынхаа нөлөөгөөр аврагдсан гэж олон нийт, хэвлэлийнхэн бичдэг.

Тэр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан. 

А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниуд 680 С зөвшөөрөл авснаараа толгой цохидог

2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар А.Адьяасүрэнгийн

“Баянговь транс” ХХК-д 85,

“Сан тээвэр групп” ХХК-д 190,

“Топ ХХК”-д 30,

“Тэнгри транс” ХХК-д 172,

“Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан байдаг. Ийнхүү С зөвшөөрөл авахдаа дээр дурьдсан 100 мянган ам долларын авлига өгсөн гэх асуудал хөндөгддөг.

АТГ шалгаад авлигын хэрэг мөн гээд прокурорт шилжүүлсэн ч НПГ-ын ерөнхий прокурор уг хэргийг нь хүчингүйд тооцож байсан. Гэхдээ удалгүй уг прокурор өөрөө асуудалд орж, албан үүргээсээ чөлөөлөгдөөд зогсохгүй АТГ-аас түүнийг саатуулж, шүүхээс 30 хоног баривчлах шийдвэр гарч байлаа. Мөн Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Түүнд шүүхээс 14 сая төгрөгийн ял оноож, хялбаршуулсан журмаар шийдэж байв.

А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниуд гаалийн бүрдүүлэлтгүй нүүрсийг хил давуулсан

А.Адъяасүрэн нь өөрийн төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж байсан бөгөөд 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо “Friendship & fortune s corporation” компанид шилжүүлсэн тухай асуудал нүүрсний сонсголын үеэр яригдсан. Тодруулбал виржиний аралд бүртгэлтэй буюу оффшор бүсэд бүртгэлтэй компани руу шилжсэн байдаг. Тэгвэл тэдгээр компаниуд нь:

“Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн

“Далангол” ХХК нь 2556 тонн

“Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн

 “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн

“Топ транспорт” ХХК нь 1405 тонн

“Прайд транс” ХХК нь 427 тонн

“Ивээл сар транс” ХХК нь 340 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулжээ.

Түүнчлэн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий зарим компаниуд Баяннуурын бүлэглэл гэх БНХАУ-ын иргэд болох өндөр хочит Xu Tiancai, сахал хочит Хu Xiangcheng гэх хүмүүстэй ч холбоотой мэдээлэл бий.

А.Адъяасүрэнгийн тухайд нүүрсний хэрэгт холбогдсон тул сонгогчдоос дэмжлэг авахгүй гэх асуудал хөндөгдөж, АН-аас нэр дэвшүүлэхгүй байх гэх асуудал үүсч байсан. Харин тэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болж, жагсаалтаар орж ирэх гэж өрсөлдөөд амжилт олоогүй ч дахин тойрогт нэр дэвших эрх авч чадсан нь том ар талтайг харуулж буй хэрэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *