Сонсголын эхний өдрийн тойм: Өрсөлдөгчөө “намнаж”, өөрсдөө нуугдвал тоогүй

0

Өнөөдөр ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэх асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Б.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй Хянан шалгах түр хороо өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд эхний хуралдаанаа хийсэн.

Ерөнхий дүр зургаар хамгийн хүчтэй шидсэн мессеж нь МАК байв.

МАК-ийн охин болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт 40 хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг гэж зарласан. Улмаар, хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн жагсаалтыг гаргахдаа:

  • Б.Нямтайшир – 41
  • Д.Хулан – 40
  • Н.Номтойбаяр – 40
  • Н.Цэлмүүн – 40
  • Н.Мөнгөншагай – 40 гэж гаргасан байв.

Тэд бол нэг компанийн хувьцаа эзэмшигчид. Атал давхардуулан тоолж, анхаарал татах зорилготой мэдээлэл бэлтгэсэн нь мөнөөх “30 гэр бүл”-ийн яриаг жишээлэн нотлох гэснийх мэт.

МАК-ийг яриад, араас нь лиценз шилжүүлэх асуудлыг судлахдаа АН-аас нэр дэвшиж буй, гэрчээр дуудагдсан этгээдийг зориуд харлуулж, загнасан үйл явдал боллоо.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь суманд тусгай зөвшөөрлийн талбай бүхий газрыг иргэнд давхардуулан олгосон гэх асуудлыг шинжлэх судалсан. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Сэр-Одыг гэрчээр дуудсан. Тэрбээр “Энэ асуудал надтай хамаагүй. Надаас өмнө олгогдсон газар байна. Би Засаг даргаар ажиллаж байхдаа ийм шийдвэр гаргаж байгаагүй” хэмээн удаа дараа тайлбарласан ч буруутгагдсан.

Л.Сэр-Од нь АН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа.

Атал УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийнхөө тухай “Би “Аспайр майнинг”-ийн хувьцааг сүүн цагаан сэтгэлээр эзэмшдэг” гэх нь холгүй үг хэлж, хамгаалсаар таарсан. Мөн гишүүдэд багтсан Т.Доржхандын төрсөн ах хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч төдийлөн чухалчлалгүй орхив.

Мэдээж ашигт малтмалын лиценз гэдэг бол асар том сэдэв. Энэ бараг нүүрсний хулгайн гэх хэргээс баялаг. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга энэ хавар, тус сэдвийг барьж авна хэмээн ам шүд алдчихсан. Барьж авахдаа мэдээж тодорхой улс төрийн зорилгод чиглүүлэх нь дамжиггүй байв.

Ц.Цэрэнпунцаг “Цаг шахуу байсанд бид онлайн мэдээллүүд л цуглуулсан” гэж үнэнээ өчсөн юм.

Ийм хэмжээнд, хоёрхон өдөр болоод өнгөрөх сонсголын хүрээнд чухал асуудлууд дарагдаж, сонгуулийн өрсөлдөгчдөө намнах хэлбэрийн үзэгдэл тавигдаад өнгөрчих вий гэсэн болгоомжлол төрлөө. МАК-ийг онцолно гэдэг ерөөс Н.Номтойбаярын тэргүүлж сонгуульд оролцох “Үндэсний эвсэл” рүү чиглэж буй хэрэг мөн.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *