“Хумсан дээр хөх ба бор толбо үүсвэл хавдрын шинж тэмдэг”
Орчин үед хумсаа гоёж гангалдаггүй эмэгтэй ховор болсон. Тиймдээ ч гэрээс гараад тав алхахад “маникюр” гэсэн хаяг бүхий газрууд булан тохойд дүүрэн. Хумсны гелэн лак нь олон төрлийн химийн бодисыг агуулдаг учир тогтмол будуулах нь сөрөг үр дагавартай аж. Түүнээс гадна гелэн лакийг хатаах зориулалт бүхий лед гэрэл нь хортой туяа ялгаруулдаг. Энэ нь арьс болон хумсыг гэмтээдэг цаашлаад хумсны хавдар ч үүсгэх эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
“Доктор үү” эмнэлгийн гар сарвууны их эмч О.Очирпүрэвээс хумс яагаад гэмтдэг, гелэн будгаар байнга будах нь ямар үр дагавартай талаар тодрууллаа.
-Эмэгтэйчүүдийн дийлэнх нь хумсаа тогтмол будуулдаг болсон. Үүнээс болж эрүүл мэндийн эрсдэл, эмгэг үүсдэг үү?
-Чанаргүй будаг болон гелэн лакийг хатаадаг гэрлээс болж, хумсны хавдар үүсч байна гэсэн судалгаа байдаг. Ингэж байнга будуулснаар урт хугацаандаа хумс гэмтэх шалтгаан болдог. Өмнө нь хүмүүс хумс гэмтэх, зовуурилахад төдийлөн санаа зовдоггүй байсан. Мөн хүмүүс хаана хандахаа сайн мэддэггүй байлаа. Одоо бол техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс түргэн оношлуулдаг болоод байна.
-Хумсны хавдрын тохиолдол нэмэгдэж байна гэсэн. Ямар зовуурь илэрдэг вэ?
-Хумсны ар тал болон хурууны өндөгний хэсэгт хүрэхэд маш хүчтэй өвдөнө. Зарим тохиолдол хумсан дээр хөх туяатай толбо болон бор зураас гарч ирсэн байдаг. Тухайн үедээ хэсэг хүчтэй өвдөөд түүнийгээ төдийлөн тоохгүй яваад байдаг. Үзүүлэхээр тодорхой онош хэлдэггүй учраас хүмүүс нээх анзаардаггүй байх.
-Өдөрт дээрх тохиолдлоор хэчнээн хүн танай эмнэлэгт ханддаг вэ. Хэрвээ хумсны хавдартай болсон тохиолдолд эмчлэгдэх боломжтой юу?
-Манай эмнэлэг долоо хоногтоо хумсны асуудалтай хоёроос гурван хүн ханддаг. Хүмүүс хавдар гэхээр их хүндээр хүлээж авдаг. Энэ нь өөр эрхтэнд үсэрхийлэхгүй. Хагалгаанд орсноор бүрэн эдгэрэх боломжтой. Дараа нь хумсаа зөв арчилснаар хумс эргээд хэвийн ургана. Дээр хэлсэнчлэн аливаа зүйлийн хэм хэмжээ тунг тааруулах нь чухал.
Хумсаа огт битгий будуул гэж байгаа юм биш. Хүний хумс гурваас дөрвөн сарын дотор бүрэн шинэчлэгддэг байна. Хүмүүс гелэн лакийг удаан тогтох тусмаа сайн гэж ойлгодог. Угтаа бол гелэн будгийг 28 хүртэлх хоног байлгах нь зохистой. Мөн эсрэгээрээ ойр ойрхон арилгаж будах нь бас хумс гэмтэх шалтгаан болдог байна.
Тиймээс хумсаа будуулахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийдэг, мөн химийн орц найрлага багатай чанартай будагтай үйлчилгээний газрыг сонгож үйлчлүүлэхийг зөвлөж байна.