“АН-ын амь нас шийдэгдэж байхад утас холбоогоо салгаад алга болдог намын дарга байдаг юм уу” хэмээн Г.Баярсайхан жиргэжээ
Энэ сарын 20 /2024.05.20/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хурлыг хийсэн. Гэтэл АН-ын ҮБХ-ны тус хурлын үеэр тооллогын комисс нь ажиллаж, нэр дэвшигчдээ батлах тогтоолыг албан ёсоор батлаагүй гэх шүүмжлэлийг зарим хүмүүс хэлж буй.
Учир нь АН-ын дарга Л.Гантөмөрийг 126 нэр дэвшигчдээ зарлах үеэр ҮБХ-ны зарим гишүүд нь түүнийг эсэргүүцэж үймээн самуун дэгдээсэн, улмаар тэрбээр хурал болж буй заалыг орхин явсан гэх мэдээлэл ч байгаа юм. Мөн өнгөрөгч Бямба гараг /2024.05.25/-т АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх үеэр маргаан гарч, тус нам УИХ-ын сонгуульд оролцохгүй болох эрсдэлтэй ч тулгарсан байдаг. Харин одоогоор АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа төв байранд ирэхгүй, зарим гишүүд нь хайж байж магадгүй байна.
Магадгүй энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы твиттер хуудастаа, “Ардчилсан намын амь нас шийдэгдэж байхад бүх утас холбого таслаад алга болдог намын дарга байдаг юм уу?! Намын дарга эрэн сурвалжилж байна!” хэмээн жиргэжээ.