Монгол Улс хүүхдийн эрхийн индексээр 185 улсаас 97-д эрэмблэгдэж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол хүүхдээ сонсох, тэдний эрхийг дээдлэхийг сануулах өдөр юм. Монгол Улсын хүн амын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог.
Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. Үүнээс 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд нэг сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.
МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ЭРХИЙН ИНДЕКСЭЭРЭЭ 185 УЛСААС 97-Д ЭРЭМБЛЭГДЭЖ БАЙНА
Дэлхийн хүүхдийн эрхийн 2022 оны индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргаад байна. Энэхүү тайланг хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахын тулд 2013 оноос хойш жил бүр гаргаж олон нийтэд мэдээллэдэг. “Kids Rights Index” нь дэлхийн хэмжээнд хүүхдийн эрхийг хэрхэн дээдэлж байгааг жил бүр тодорхойлохдоо, НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон орнуудыг эрэмбэлдэг. Ингэхдээ, хүүхдийн амьд явах эрх, эрүүл байх эрх, боловсрол эзэмших эрх, хүүхэд хамгааллын эрх, хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгосон эсэх гэсэн үндсэн таван үзүүлэлтээр улс орнуудыг жагсаадаг.
Монгол Улс хүүхдийн амьд явах эрхийг хэрхэн хангаж буйгаар 97, эрүүл мэнд 110, боловсрол 78, хүүхэд хамгаалал 91, ээлтэй хүрээлэн буй орчны хувьд 124-130 дугаарт жагссан байна. Нийт дүнгээрээ 185 улсаас 97 дугаар байранд оржээ.
Тус байгууллагаас Хүүхдийн эрхийн индексийн тайланг гаргадаг болсноос хойшхи сүүлийн 10 жилд дэлхий даяарх хүүхдийн амьдрал, тэдний эрхийн асуудалд дорвитой ахиц дэвшил гарсангүй хэмээн дүгнэжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн нэг тэрбум хүүхдэд нөлөөлөхөөр байна хэмээн үзсэн байна.
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ 47 ХУВЬТАЙ БАЙНА
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тухайлбал ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-4 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна. Сүүлийн үед хүүхдүүд интернэт ба цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим-доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэж байна. Хүүхдэд чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо байхгүй байна.
Хүүхдийн эрхийн талаарх асуудлаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г. Мөнхнасангаас тодрууллаа.
– Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хэрхэн анхаарч, ямар шинэ хууль, дүрэм батлагдсан бэ?
-Энэ жил Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь эрх зүйн гол шинэчлэл боллоо. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр батална. Эдгээр нь хүүхдийн эрхийг хангах, аливаа хүчирхийллээс хамгаалахад чиглэгдсэн. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна. Тиймээс бид энэ жилээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг концепцоор ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх болон сургалт нөлөөллийн ажилд анхаарч байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Энэ нь олон сул талтай байсныг хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлээр тодорхойлсон.
Тодруулбал, хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болохоор болсон. Төсвийн хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Энэ хүрээндээ шинээр ажиллах нийгмийн ажилтны арга зүй, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажил хийгдэж байна. Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрд ажиллахаар шинээр тусгасан.
-Монгол Улсын хэмжээнд асрамжийн газрын үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29 асрамж, халамжийн төвд 1000 орчим хүүхэд үйлчилгээ авч байна. Өнгөрсөн хугацаанд асрамж халамжийн хүүхдийн хоолны хувьсах зардлыг шинэчлэн баталж мөрдүүлэн ажиллалаа. Мөн хувийн асрамж халамжийн төвүүдэд хүүхэд хамгааллын зардлаас хоолны хувьсах зардалд дэмжлэг үзүүлж байгаа. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч эргэн нэгтгэх чиглэлээр тогтмол ажиллаж байна. Асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх түвшинд явж байна. Цаашид төвлөрсөн гэхээс илүү төрөл садны болон асралт гэр бүл гэсэн олон хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид зөв утгаар нь тэмдэглэн өнгөрүүлж чаддаг уу, энэ өдрийн гол ач холбогдол юу вэ?
-Бид аливаа баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ агуулгыг нь алдагдуулаад байна уу гэж хардаг. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг хангаж чадаж байна уу, хөгжил, оролцоонд нь яаж анхаарч байна вэ, ярилцаж чадаж байна уу, чанартай цаг гаргасан уу, эх орондоо хэрэгтэй иргэн болгож төлөвшүүлж чадсан уу? гээд өөрөөсөө олон талт асуулт асуулж дүгнэлт хийгээсэй гэж уриалж байна гэв. Энэ жилийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тааруулж хүүхдэд зориулсан олон нийтийн арга хэмжээг зохиож баярлуулахаар төлөвлөжээ. ХГБХХЕ-аас нэгдсэн байдлаар үйл ажиллагааг зохион байгуулж, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.