Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгаланг томиллоо
Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг өчигдөр УИХ-аас шинээр томилсон. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох саналыг хэлэлцэн, баталсан. Тэгвэл шинээр бүрэлдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр /2024.05.31/-нд хуралдаж даргаараа Г.Баясгаланг томилсон байна. Ийнхүү сүүлийн хагас жилийн хугацаанд даргаа томилж чадахгүй байсан Цэцийн гишүүд шинэ бүрэлдэхүүнтэй болсноор даргынхаа асуудлыг эцэслэж чадлаа.
Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгохоор заажээ.
Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан бол ахмадыг нь Цэцийн дарга томилно гэсэн байдаг.
6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ
- Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
- Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
- Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
- Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
- Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
- Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.
Г.БАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна. Түүнийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлэн томилсон юм.
УИХ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Ц.Цолмон-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Р.Батрагчаа-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Б.Болдбаатар-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Э.Энхтуяа-2023.11.16-ны өдөр томилогдсон.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
- Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.