Тойм: Сонсголоо оромдож, АТГ-ын баривчилгаанууд явагдаж, Н.Номтойбаяр цохилтод оров
Өнгөрч буй долоо хоногт улстөрд олон үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.
НЭГ, нээлттэй сонсгол: Стратегийн ордууд дээр нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийг нэгбүрчлэн зарласангүй, оромдов
Ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ийн талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг сонгуулиас өмнө явууллаа. Ц.Цэрэнпунцаг даргалах байсан ч, Б.Энх-Амгалангаар солигдсон байв. Ашиг сонирхлын зөрчлийн үүднээс дотроо солио хийсэн байх. Гэхдээ хийхээр зориглосонд нь алга ташууштай.
Эхний өдрийг Ерөнхий дүр зургаар хамгийн хүчтэй шидсэн мессеж нь МАК байв. МАК-ийн охин болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт 40 хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг гэж зарласан. Б.Нямтайшир, Д.Хулан, Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн, Н.Мөнхшагай нарыг тус бүр 40 лиценз эзэмшдэг мэтээр жагсаан харуулав. Угтаа эдний гэр бүр стратегийн ордод 26 лиценз эзэмшиж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийнхөө тухай “Би “Аспайр майнинг”-ийн хувьцааг сүүн цагаан сэтгэлээр эзэмшдэг” гэх нь холгүй үг хэлж, хамгаалсаар таарсан. Мөн гишүүдэд багтсан Т.Доржхандын төрсөн ах хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч төдийлөн чухалчлалгүй орхив.
Хоёр дахь, АМНАТ-ийн төлбөр болон стратегийн ордуудыг талаар хөндлөө. Ингэхдээ стратегид бүртгэлтэй 16 ордыг дурдаж лиценз эзэмшигчдийг нь зарлав. Гэхдээ хувийн компаниудыг цааш гүнзгийрүүлэн ашиг сонирхлын нэгдмэл этгээдүүдийг нь ухаж төнхсөн зүйл ярьсангүй. Мөн стратегид бүртгүүлэх гээд чадаагүй 39 ордыг зөвхөн нэрлээд орхиж байгаа нь учир дутагдалтай. Энэ ордыг яагаад өдий хүртэл төрийн эзэмшилд оруулж, стратегид бүртгүүлж чадахгүй байгаа нь улстөрчид, тэдний гар хөлүүд байдагтай холбоотой. Нэг бүрчлэн нэрлэж илчлэх байх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй. “Сонсгол хийсэн” гэх нэр төдий өнгөрч буй нь харамсалтай.
ХОЁР, баривчилгаа: Ц.Гарамжав, ДТҮ-ийн Г.Дугаржав нарыг
Нэг, Өнгөрсөн долоо АТГ хэд хэдэн баривчилгаа явууллаа. Тэдний нэг нь “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжав байв. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон хэмээн буруутгаж шалгасан. Гэвч “Монполимет” 65 сая ам.долларын буюу ₮126 тэрбумын зээл аваад ₮260.2 тэрбум болгож төлсөн байдаг. Гэхдээ энэхүү мөнгөө зориулалтын бусаар зарцуулж, АНУ-д байр авсан гэгдсэн. Улстөрийн нюансын хувьд, төрийн томчуудын бизнесийнхнийг намнах гэсэн оролдлого. С.Баярцогт, Б.Хурц нарын шүүх хурлыг олны хараанаас холдуулах гэсэн оролдлого гэдэг өнцөг сошиалд “сэвэгдсэн”.
Хоёр, АТГ-ынхан 5-р сарын 27, 28, 29-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Эхний өдөр Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг баривчилсан. Хоёр дахь өдөр тус үйлдвэрийн дарга Г.Дугаржавыг баривчилсан. Шалгалтын баг ирэхтэй зэрэгцэн тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр зугтах оролдлого хийсэн ч, бүтээгүй. Харин сүүлийн өдөр Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийн саатуулсан гэх мэдээлэл бий.
Гурван өдөр шалгахдаа дарга нарынх нь өрөөг битүүмжилж, бичиг баримт, комьютер зэргийг нь хураан авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудыг төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.
ГУРАВ, АН-ын 32-р тогтоолын “маафаан”: С.Баярцогт, Б.Хурц нар намдаа “жийгдэв”
Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүний дотор С.Баярцогт, Б.Хурц нарын нэр байгаагүй. Л.Гантөмөрийн хуульч Д.Оросоогоор дамжуулан СЕХ-нд хүргүүлсэн 32-р тогтоолд тэдний нэр байгаагүй. С.Баярцогтыг жагсаалтын дэслэлийн есөөс, Б.Хурцыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн X тойргоос намынхан нь хассан. 2024.05.29-нд Б.Хурц Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэр дэвшилттэй холбоотой асуудлаараа нэхэмжлэл гаргаад буй /линк/. Улмаар шүүх хурал болсон ч “Бүрдэл хангалтгүй гэх шалтгаанаар хойшлуулсон” гэх мэдээлэл бий.
ДӨРӨВ, : 22.1 биш 23.5-аар яллагдсан Н.Номтойбаяр нэр дэвших ЭРХТЭЙ байв
СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвших эрхгүй гэж үзэв. Н.Номтойбаяр нэр дэвших эрхээ хангачихсан байсан.
Тодруулбал, УДШ-ээр цагаадаагүй. Гэхдээ 22.1 буюу “авлига, албан тушаалын гэмт хэрэг” зүйлчлэлээ 23.5 буюу “Хайнга хандах” зүйлчлэлээр солиулж ял сонссон. Улмаар нийтийн албанд томилогдох эсвэл сонгогдох эрхээ хоёр жилээр хасуулж, нэг жилийн хорих ял авсан байдаг. Сонгуулийн тухай хуульд нэмэгдсэн, автоматаар нэр дэвших эрхгүй болох байсан 22.1 буюу “мултарсан” гэсэн үг. Гэтэл түүний 23.5-аар ял эдэлсэн түүх өдгөө хориг, саад болсон нь тодорхойгүй байна.
МАК-ийн хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд эртнээс маш их мөнгө зарцуулан бэлдсэн. Н.Номтойбаярыг УДШ дээр Эрүүгийн хуулийн 22-оос 23 руу оруулах процессыг хүртэл сонгуультай холбон тооцож, бэлтгэсэн байдаг.
ТАВ, томилгоо: Д.Загджав томорч, Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүд дэмжиж, О.Машбат тооноор орж ирэв
ҮХЦ-ийн 3 гишүүнийг солихоос гадна, гурван ч гэнэтийн томилгоо хийв. Бүтэн болсон цэц маргааш нь даргаараа Г.Баясгаланг сонгоцгоолоо. Загдажавыг Ерөнхий аудитороор дэвшүүлж, О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилсон юм.
ҮХЦ-ийн гишүүдээр: Х.Баттулгын саналаар ҮХЦ-ийн гишүүн болж байсан Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар нарыг оруулж ирэв. Харин, Ш.Солонгын оронд спикер Г.Занданшатарын зүгээс Цэдэвийн Цолмонг санал болгон оруулж ирсэн. ТББ, ХЗБХ-ны хуралдаан дамнуулан оруулж, улмаар чуулганаар томилгоог “машиндав”. Бараг л 30 минут л зарцуулсан гэхэд хилсдэхгүй.
ҮХЦ-ийн даргаар Г.Баясгаланг: ҮХЦ-ийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох томилсон. Тэд томилогдсон даруйдаа буюу маргааш нь /2024.05.31/-нд даргаараа Г.Баясгаланг томилсон.
Д.Занданбатын орлогч аудитороор чихчхээд явсан Д.Загджав Ерөнхий аудитор болж дэвших. эрх баригчид хоёр жилийн өмнө төрд цэвэрлэгээ хийхээ сүр дуулиантай зарлан “Шүүр”, “Шүгэл” ажиллагаануудыг эхлүүлж байсан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн Д.Загджавыг Монгол Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх үүрэгтэй хамгийн том байгууллага болох Үндэсний аудитын газрын даргаар томилж байгаа нь асар зохимжгүй үйл явдал боллоо.
Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбат, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар О.Машбат Улсын Ерөнхий прокурорын орлогч болов. Дорноговь аймгийн гаралтай. “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр, АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистраар, Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 2002 оноос УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн. 2007 оноос ХЗДХЯ-нд мэргэжилтэн, 2009 оноос НЗДТГ-т хэлтсийн дарга, 2015-2020 оны хооронд нийслэл болон УЕП-ын газар ажилласан. 2020 оноос Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан намтартай нэгэн аж.
Эх сурвалж: Eguur.mn