Баяр бүрээр Нарантуулыг “нүүлгэж” ирсээр байх уу, Х.Нямбаатар аа!

0

Жил бүрийн зургадугаар сарын 1-н бол хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Эл өдрийн албан ёсны нэршил нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэх боловч томчууд бид эрхийг нь хамгаалах ёстой энэ өдрийг Сүхбаатарын талбайд хөл гишгэх зайгүй нижгэр сайхан тэмдэглэв, монголчууд.  Томчууд бидний ч дурсамжинд байдаг тэр л хүүхдийн баяр энэ жилийн хувьд зах худалдааны төв шиг болсон нь олон хүний шүүмжлэл дагуулав. Ёстой нөгөө цай ч үгүй, царай ч үгүй гэдэгчлэн төв талбай тойроод худалдаа, наймаа, худалдаачид, орой нь хогондоо хөглөрч нэг үлдэв.  

Нэг үеэ бодвол төв талбай хогондоо дарагдан халтайх нь багассан ч ямар нэг баярын дараа үлдэх сэтгэгдэл өндөр, хогоо цэвэрлэдэг гэж байсан бол одоо бас нэгэн асуудал нь “хар зах” болов. Энэ “хар зах”-д элдэв хямд үнэтэй эрээний бараа хүүхдийн нүд хуурахаас бус гарын ая дааж, бүтэн өдөр тоглож болох эсэх нь ч эргэлзээтэй элдэв зүйлсээр дүүрэн байсан нь хачирхалтай.  Эрхэм хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож, зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан зохион байгуулна гэсэн удирдамж энэ жил гарсан. Гэсэн хэдий ч энэ удирдамж цаасан дээрээ үлдэж, Сүхбаатарын талбайдах эрээний элдэв бараа зарж суух 90-ээд оныг санагдуулсан ах, эгч нар байж л байсанд олон хүн дургүйцэв. 

Хүүхэд багачуудын хувьд олонтой бужигнаж, амттан, тоглоом наадгай худалдаж авч байвал баяр нь тэр байж болно. Учир мэдэх зарим хүүхэд хаана юу хийхээ үл мэдэн гиеүрч, хөмсөг зангидаастай харагдсан нь ч бий. 

Гэхдээ томчууд бид хүүхдийн төлөө гээд жаахан ухаан зараад бодвол тэдэнд эрхийг нь таниулсан үзвэр үйлчилгээ, нүдийг нь нээх шинжлэх ухаанч арга хэмжээ, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлоход нь туслах үйл ажиллагаа гээд янз бүрийн зүйл зохиож, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн жинхэнэ утгыг гаргасан баяр хэзээ хийж чаддаг болох вэ.

Бяцхан үрс хүүхдийн баяраараа төв талбай ороод буцахдаа сэтгэлдээ нэгийг бодоод, мөрөөдөл тээгээд буцдаг бол, эрхийнхээ талаар ойлголттой болоод харьдаг бол хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн утга учир тэр мөн байх учиртай.

Энэ удаад хүүхдийн баяраа “хар зах” болгож алдсан бол ирэх жил алдаагаа давтахгүй байхын тулд юу хийх ёстой, яавал бид хүүхдийнхээ баярын утга учрыг хүүхдүүддээ мэдрүүлдэг, ойлгуулж баярладаг болох вэ гэдэгт хотын дарга нар анхаарлаа хандуулах цаг болжээ.

Удахгүй монголчуудын уламжлалт Үндэсний их баяр наадам болно. Энд мөн л “хар зах” шиг  болоод удаж буй. Эрийн гурван наадмаа бахдах гэхээс илүү оймс, гутал, тогоо, шанага сэлтийг худалдан авах гэж наадмын талбай зоримооргүй байна шүү, эрхэм хотын дарга Х.Нямбаатар аа!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *