“СЭМҮТ шөнийн ээлжинд ажилладаг 300 гаруй ажилтны эрх зөрчсөн”
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн удирдлагууд хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийж байгаа талаар тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр /2024.05.31/ мэдээлэл хийлээ. Эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл хэлэхдээ:
–СЭМҮТ дээр 2023 оны нэгдүгээр сараас эхлэн шөнийн ээлжид хонож байгаа нийт 300 гаруй эмч, сувилагч, туслах сувилагч, жижүүр болон бусад дэмжин туслах бүлгийн ажилчдын шөнийн цагийн цалин дутуу орж байгааг мэдсэн. Үүнтэй холбоотойгоор бид байгууллагынхаа удирдлагын зөвлөл болон санхүү бүртгэлийн албаны даргатайгаа уулзаж удаа дараа шаардлага тавьсан.
Хөдөлмөрийн тухай хуульд шөнийн цагийг оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцдог.
Гэтэл манай байгууллагын нэг ажилтан, найман шөнө ажилласан гэж үзвэл тухайн хүн маань 64 цагийн цалин авах ёстой байтал тухайн ажилтан 16 цагийн цалин авсан байна. Энэ үйлдэл 2023 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Шөнийн цагийн цалинг яагаад олгоогүй вэ гэдгийг тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3 гэдэг заалтаар түрүү барьж байна. Гэтэл энэ заалтын дагуу өдрийн ээлжид ажилладаг эмч болон ахлах сувилагч шөнийн ээлжид ажиллах үед олгодог цалин. СЭМҮТ бол бусад эрүүл мэндийн байгууллагуудаас олон талаар онцлогтой байдаг.
СЭМҮТ-ийн ажилтан нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиараа хүнд, хортой нөхцөлд хамаардаг.
Шөнийн цагаар ажилласан цалинг дутуу олгохдоо манай байгууллагын удирдлагын зөвлөл ямар ч тушаал, шийдвэр хүргүүлээгүй. Яагаад ингэж олгож байгаа талаараа ажилтандаа тайлбарлаж, мэдээлэл өгөөгүй. Бид үүнийг санамсаргүй байдлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингийн талаар сургалт авч байгаад мэдсэн. Цааш нь судлаад үзтэл нийт 300 гаруй ажилчдын шөнийн цалин дутуу олгогдсон ийм нөхцөл тогтоогдсон. Түүнчлэн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүрт хонодог сувилагч нарын шөнийн цагийн цалинг огт олгоогүй байсан. Эдгээр хүмүүсийн 16 сарын хугацаанд дутуу олгосон шөнийн цагийг тооцоод үзвэл хамгийн их нь 1016 цагийн цалинг огт аваагүй байна. Бидний хувьд ажлын ачаалал ихтэй. Байнгын сэрүүн, сонор сэрэмжтэй байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн шөнийн цагийг хасчихаад, анхнаасаа ийм байсан мэтээр ярьж байгаа нь ёс зүйгүй санагдаж байна. Өнөөдрийн энэ асуудалд холбогдож байгаа удирдлагууд тухайн шөнийн цаг олгогдохоо больж эхэлсэн 2023 оны нэгдүгээр сард ажилд орсон. Тиймээс яамнаас яаралтай хариу арга хэмжээ авахыг хүсэж байна гэв.