“Шинэ хоршоо”-ны “сөрсөн базаа” буюу ЗЭЭЛ ТЭГЛЭХ “амлалт”

0

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр СЕХ-нд тайлбар
өгсөнийхөө дараа хэвлэлийн бага хурал хийлгэхдээ
“Малчдын зээлийг тэглэ” гэсэн бичиг бүхий самбар
урдаа тавьсан байсан билээ. Барууны үзэл
баримтлалтай улс төрийн хүчний намын дарга ийм
үйлдэл хийсэн нь либералуудыг багагүй
гайхшруулаад буй. Тэгвэл өчигдрийн нэгдсэн чуулган
дээр Б.Пүрэвдорж гишүүн “Дараагийн УИХ, Засгийн
газар гарсны дараа малчдын зээлийг тэглэхийн төлөө явна” хэмээн “Хэрүүлийн алим” болсон
самбарын учрыг тайлав.
“Малчдын зээлийг тэглэх” нь МАН-ын “Шинэ хоршоо”
хөдөлгөөний эсрэг гаргаж тавьж буй, ер нь бол
сонгуулийн амлалт юм байна. 2020 оны сонгуулиас
хойш улс төрийн намуудад тооцоо судалгаагүй
амлалт өгөхийг хориглосноос хойш “Тийм байж болох
юм”

“Тийм боломж байгаа” гэх мэтээр сурталчилдаг
болсон. Тэгвэл 2024 онд МАН эрх баригч учраас “Шинэ
хоршоо” хөдөлгөөнөө төгс утгаар сурталчилж, харин
Ардчилсан нам “Тэглэхийн төлөө явна” гэх мэтээр
сөрсөн базаа хийж байгаа болж таарав.
Нэг нь эрх баригчийн хувиар төгс байдлаар, нөгөө нь
сөрөг хүчний хувьд төгс бус байдлаар амалж буй
“Шинэ хоршоо”, “Малчдын зээл тэглэх” амлалтад нэг
ижил агуулга байгаа нь мөнгө.
Улс төрийн намууд сонгуулийн үеэр “Хамгийн их
хэрэгтэй ч байхгүй зүйлийг нь амла” гэсэн алтан
зарчим баримталдаг. Өнгөрсөн хугацаанд
монголчууд бишгүй л олон сонгууль үзэж
өнгөрүүллээ. Энэ бүх хугацаанд мөнгө, шударга ёс
амалсан улс төрийн хүчин л ялалт байгуулж байсан нь үнэн юм. Энэ удаа ч намууд хулгайтай тэмцэх, луйварчидтай тэмцэх, шударга ёс тогтоох амлалт өгч буй. Өөрөөр хэлбэл, монголчуудад мөнгө, Монгол Улсад шударга ёс байхгүй хэвээр ажгуу. Түүх сөхье.

2008 он. Намууд энэ сонгуулиас амлалтаар уралдаж эхэлсэн. Ардчилсан нам иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэж амлахад “Эдийн засаг сүйрнэ, даахгүй” гэж байсан МАХН (одоогийн МАН)-ын дарга С.Баяр маргааш нь л “Манай нам 1.5 саяыг өгнө, бүрэн боломжтой” хэмээж байсныг монголчууд санаж байгаа бизээ. Тавантолгойг хэн ашиглахыг шийдэх эрх мэдэл Монголын улс төрийн голлох хоёр намыг ийнхүү амлалтаар, тодруулбал популизмаар өрсөодөхөд хүргэж, монголчуудын өнөөгийн зовлон зүдгүүр, ядуурал, ангаахайн сэтгэлгээ, ярихаас өөр шидгүй популист улстөрчид олноороо мэндлэх эхийг тавьсан юм. Популизм хүчээ авсан орны тоонд монголчууд ингэж хүч түрэн орж ирлээ.

2012 он. Намууд популизмд мэргэшиж эхэлсэн. Эрх баригч МАН популист шинж багатай хоёр ч мөрийн хөтөлбөр боловсруулсан ч өрсөлдөгч намуудаас болоод популист болохоос аргагүй байдалд орсон байдаг.

Эхлээд “Хөгжлийн мод” гэгчийг сэдсэн ч газар аваагүй учир тэгсхийгээд зогсоосон. Дараа нь Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг сүр дуулиантайгаар баталсан ч Ардчилсан нам дээрх төлөвлөсөн ажлыг нь дөрвөн жилд хийх хөтөлбөр гаргасан тул больсон. Эцэстээ “Цалинг 1.3сая болгоно” гэж амлан сонгуульд оржээ. Харин Ардчилсан нам төрийн албыг нийтийн алба болгох,төвлөрлийг багасгаж, орон нутагт төвлөрөл үүсгэх эдийн засгийн хөшүүрэг, эрх зүйн орчныг бий болгох, шүүх цагдаа эрүүгийн хуулийг шинэчлэх
хөтөлбөр боловсруулсан байдаг. Өөрөөр
хэлбэл, шударга ёсыг амалсан байна.
2016 он. МАН “Бид чадна” (Испанид 2014 онд байгуулагдсан популист намын нэртэй ижил) уриатай
хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрт уг нь сэтгэл
л байвал биелүүлэх боломжтой олон амлалтууд
туссан. “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна”, “Татвар нэмэхгүй, шинэ татвар бий болгохгүй”, “Хувийн хэвшлээ бүх талаар дэмжинэ, ЖДУ, өрхийн болон бичил
зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэх мэт. Гэвч юу
болсныг бүгд мэдэж байгаа. Барууны үзэл
баримтлалтай Ардчилсан намын марийн хөтөлбөрт ч
“МСҮТ-ийг төгссөн 100 мянган залуусыг
өндөр хөгжилтэй улсад дадлагажигчаар ажиллуулах”
популист амлалт орсон байж билээ.
2020 он. МАХН-ын иргэдэд үнэгүй орон сууц өгөх
тухай мэдэгдэл, хүмүүс сургаар нь сүргээрээ очиж
буртгүүлсэн. Намууд төгс бус байдлаар ингэх
боломжтой гэх мэтээр мөн л амласан ч биелээгүй,
биелээгүй байлаа гээд хариуцлага хүлээхгүй.
Энэ жилийн тухайд, тойргийг томсгосон нь төсөв
хуваарилалт дээр сайн талтай ч наана нь сул тал
болох популизм явна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгууль өмнөх сонгуулиудын нэгэн адил популист амлалтын уралдаан болох юм байна. Намуудын мөрийн хөтөлбөр ил зарлагдаагүй, хуулийн хязгаарлалтад боловсруулагдсан ч ингэж хэлэх үндэслэл байгаа нь ийнхүү нэг л жишээн дээр харагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *