Жил бүр дэлхий даяар тамхидалтаас болж 7 сая гаруй хүн нас бардаг
Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн зорилго нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл, нас баралтыг бууруулах, цаашлаад дэлхий даяар тамхидалтыг багасгах явдал юм.
Жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж 7 сая гаруй хүн хорвоог орхиж байна.
Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй ба зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан болдог. Дээрх тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас бардаг. Дэлхийн тамхигүй өдөр нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг.
Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд түүний 80 орчим хувь нь бага орлоготой улс орнуудад ноогдож, тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтанд хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байна.
Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.
Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн бий.