МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ҮЕ ШАТТАЙГААР ШИЙДВЭРЛЭЖ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТЫГ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭХЭД АНХААРЧ БАЙНА

0

“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг тохиолдуулан СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори,  Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрууд хамтран “Стандарт ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон бусад албаныхан оролцлоо.

“Стандарт ба хүнсний аюулгүй байдал” үндэсний хэлэлцүүлгээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилт бэрхшээлийг үнэлж дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарах зүйлсийн талаар авч хэлэлцлээ.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний аюулгүй байдалд итгэмжлэлийн тогтолцоо, ач холбогдол” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, “Монгол улсад хэрэгжиж буй хүнсний стандартууд” сэдвээр СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, “Хүнсний аюулгүй байдлын бодлогын чиг хандлага” сэдвээр УИХ-ын Тамгын газрын ахлах референт Д.Энхмаа зэрэг 15 гаруй албаны хүмүүс илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамжаа шийдэхээс гадна хүнсний аюулгүй байдлаа ч давхар шийднэ. Өнөөдрийн “Стандарт ба хүнсний аюулгүй байдал” хэлэлцүүлгээр төр, захиргааны мэргэжлийн байгууллагууд хүнсний аюулгүй байдлаа шийдэх тал дээр зөвлөлдөж, цаашдын төлөвлөгөө, бодлогуудаа тодорхойллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаашид дунд болоод урт хугацааны төлөвлөгөө, хөгжлийн бодлого болох учиртай. Ингэснээр ирэх 10, 20 жилүүдэд бид хүнсний аюулгүй байдлаа бүрэн шийдэх боломж бүрдэнэ. Одоо бидний хувьд гаднаас авч буй импортын бүтээгдэхүүнийг бууруулж, бүх төрлийн хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болох нь нэн тэргүүний асуудал болж байна. Ингэснээр импортоор орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хязгаарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн чанарын болоод эрүүл, аюулгүйн шаардлага хангасан хүнс хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Үүний тулд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид хүнсний аюулгүй байдал, хангамжаа шийдэхийн тулд өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улс импортлогч биш экспортлогч орон болох юм.

ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.НандинЭрдэнэ Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын талаар ярихад хэцүү. Үүнийг шийдэхэд төрийн зүгээс маш олон бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт болоод хүний нөөцийг бэлтгэх нь маш чухал. Харин эдгээр асуудлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үе шаттайгаар шийдээд явж байгаа нь сайшаалтай байна. Манай байгууллагын зүгээс ч мөн хүнсний аюулгүй байдлаа шийдэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Үүний дээр олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд яригдаж байгаа, түүнийг шийдэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг чиглэлээр олон улсын байгууллагууд болон НҮБ-тай хамтран ажиллаж, тогтмол чадавхжиж байгаа.

Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд, хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь насанд халтай байх тохиолдол өндөр байна. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225,000 орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас барсан байна. Тэгвэл манай улсын хувьд ч мөн хүнсний аюулгүй байдал алдагдаад буй. Тухайлбал тээвэрлэлт хадгалалтын горим алдагддаг, хүнсний аюулгүй байдлыг шинжилдэг лабораториудын тоног төхөөрөмж хангалтгүй, энэ чиглэлд хүний нөөцийг дутагдалтай зэрэг олон асуудлууд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөдөлгөөний хүрээнд хүнсний 19 гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдлын чиглэлд шинэ ахиц дэвшил гарсаар байна.

Энэ жилийн хүнсний аюулгүй байдлын өдрийг “Болзошгүй эрсдэлд бэлэн байя” урианы дор дэлхий дахинд тэмдэглэж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлын эрсдэл хэр зэрэг хөнгөн, хүнд байхаас үл хамааран бэлэн байхын чухлыг онцолж байгаа гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *