Өндөгний үйлдвэрийн 3 ажилтан эмнэлэгт ханджээ
-Өндөгний үйлдвэрийн гурван ажилтан гал түймрийн улмаас эмнэлэгт хандаж, тусламж авсан гэдгийг орон нутгийн эмнэлгээс мэдээллээ. Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургадугаар сарын 4-ний 04:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.
ОБЕГ: ШУВУУНЫ АЖ АХУЙД ГАРСАН ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Төв аймгийн Баянчандмань сумын “Чандмань” баг шувууны аж ахуйд өнөөдөр /2024.06.04/ өглөө гал гарчээ. Тодруулбал, 18х110 метрийн хэмжээтэй шувууны аж ахуйн сендвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газрын зургадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ талаар мэдээллийг ОБЕГ-аас тодруулахад, “Одоогийн байдлаар гал бүрэн унтраагүй, галыг унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа тул бүрэн мэдээлэл өгөх боломжгүй. Галаас шалтгаалан гэмтэж бэртсэн хүн байхгүй байна” гэв.
Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүнийг 53 хувийг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг байна.