ТООЦООЛОЛ: Өнгөрсөн найман жилийн гурил, мах, сүү, бензиний үнийн өсөлтийг таны ОРЛОГО “ялж” чадсан уу?
АНУ-д ажиллаж, амьдардаг Х.Моломжамц гэх IT инженер 2016-2024 оны үнийн өсөлт иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлж буйг тооцоолох боломжтой сайт бүтээжээ.
Ингэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давхар харьцуулж харуулсан байна. Тэрбээр тус сайтыг 3-4 цагийн дотор хийсэн бөгөөд 2016 онд авч байсан цалингаа өнөөдрийнхтэйгөө харьцуулж хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой юм.
Түүний тооцоолсноор дээрх хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 129 хувьтай гарсан. Энэ нь таны бодит орлогын худалдан авах чадварт шууд нөлөө үзүүлж байгаа юм.
Жишээлбэл цагааны будааны үнийг 2016 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар 2,326 төгрөг буюу 92.67 хувиар өсжээ. Тэгэхээр таны бодит орлого энэ хугацаанд 92.67 хувиар өссөн цагаан будааны үнийг ялж чадсан эсэхийг http://tsalinbodoh.barimt.fun/ орж хараарай.
Түүнчлэн IT инженер Х.Моломжамц өөрийнхөө бүтээсэн сайтын талаар “Хүмүүс 2016 болон 2024 онд ямар орлоготой байсан гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнэ цалинтай нь харьцуулахад хэрхэн нэмэгдсэнийг харчих тодорхой зүйл байхгүй байсан.
Хамгийн чухал нь бодит орлого хэрхэн өөрчлөгдөж буйг хүмүүст сонирхолтой байдлаар хүргэхгүй бол олон тоо яриад байхаар анхаарал хандуулахгүй.
Инфляцын үнийг тодорхой нэг сагс бүрдүүлж боддог. Тиймээс өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний 2016-2024 оны үнийн өсөлтийг өөрийнхөө цалингийн өсөлттэй харьцуулж харах боломжтой сайт хийсэн.
Цаашдаа интернэтэд нээлттэй буй мэдээллийг ашиглаж 2016 болон 2024 оны зарим онцлох үзүүлэлтийг харьцуулж хийх төлөвлөгөөтэй байгаа.
Сүүлийн найманд жилд МАН засагласан. Энэ хугацаанд юу хийж бүтээсэн, эдийн засагт ямар хувь нэмэр оруулснаа тайлагнах хэрэгтэй.
Мөн төрийн мэдээлэл өгч буй сайтуудаас өнгөрсөн онуудын тоон мэдээллийг авахаар хандахад эвдэрчихсэн байдаг. Өмнөх онуудын мэдээлэл нь гарч ирдэггүй” гэв.
Эх сурвалж: ikon.mn