Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна
Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол руу хаягласан Тяньжин боомтод байгаа чингэлгийн тоо хоёр, гурав дахин өсч, бөөгнөрөл үүсгээд байна. Энэ нь цар тахлын үетэй адилхан боллоо гэж үзэх хүмүүс ч байна. Энэхүү чингэлгийн бөөгнөрөл хэзээ багасч, иргэд чирэгдэлгүйгээр ачаа бараагаа хүлээж авдаг болох нь тодорхойгүй байна.
Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаатай ярилцлаа.
-Тяньжин боомт дээр дахиад чингэлгийн бөөгнөрөл үүсээд байна. Энэ нь ямар учир шалтгаантай байна вэ?
-Тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийтдээ БНХАУ-аас Монгол руу импортын чиглэлтэй 27 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Яг өчигдрийн /уржигдрын/ байдлаар Тяньжин дээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж байна.
Тяньжин боомтоос Монгол улс руу нийт чингэлгүүд дунджаар 70-85 хоногийн дараа ачигдаж байна. Ачаа тээвэр хамгийн багадаа 70 хоног Тяньжин боомт дээр хүлээгдэж байгаа. Эрээнээс нааш хэвийн тохиолдолд гурван өдөрт ачаа тээврүүд гардаг байсан бол одоо ес, арван хоногт гардаг боллоо. Зам тээврийн яаманд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй компани байдаг.
Түүнээс 77 компани нь Тээвэр зуучийн холбооны гишүүн юм. Бид Мэргэжлийн холбооныхоо зүгээс энэ асуудлыг нэлээд тодруулах гэж Хятадын төрийн байгууллагуудтай Зам тээврийн хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамаар дамжуулж харьцаж байгаа. БНХАУ-ын Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр Хятадын талаас ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тиймээс Тяньжин боомтын асуудал тодорхойгүй нөхцөл байдалтай байна.
-Тяньжинд хэзээ ирсэн чингэлгүүд байгаа бол?
-Гуравдугаар сарын эхээр Тяньжинд орж ирсэн чингэлгүүд хуримтлагдаад байна. Ард иргэдийн ачаа тээврийг түргэн шуурхай үзүүлэх ёстой байдаг. Түүн дотор хүнсний түргэн мууддаг бүтээгдэхүүнүүд бий. Эм, эмнэлгийн хэрэгслүүд байна. Чингэлгийн жагсаалтуудыг гишүүн байгууллагуудаасаа албан ёсоор хүлээж аваад, шуурхай татах хэрэгцээтэй чингэлгүүдээ Гадаад харилцааны яамаараа дамжуулаад Хятадын талд илгээсэн байгаа.
-Яаралтайгаар захиалсан тохиолдолд чингэлгүүд хурдан орж байгаа гэсэн яриа байна?
-Тяньжинаас түлхүү авто машинууд гаалийн горим сольж орж ирж байгаа. Улсын баяр наадмаас өмнө ачигдах шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд мөн орж ирж байна.
Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч юмуу зарим ачаа тээвэр горим сольж орж ирж байгаатай холбоотойгоор Замын-Үүд дээр нэмэлт гаалийн хяналтын талбай гаргаж өгөх саналыг холбогдох байгууллагуудад илгээсэн. Ачаа тээврийн урсгал хэзээ сайжрах нь түрүүн хэлсэнчлэн тодорхойгүй. Наашаа гарч байгаа галт тэрэгний тоо багасч, өнжөөд нэг гарч байна.
-Нэг галт тэргэнд хэдэн чингэлэг ачигддаг вэ?
-Нийт 50 чингэлэг нэг галт тэргэнд ачигддаг. Ковидын үеэр чингэлгийн ачаалал 9000 хүрч байсан. Гол нь энэ удаагийн чингэлгийн бөөгнөрөл ихсэх магадлал өндөр байна гэв.
Т.Дорж: Анх ачаа бараа захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна
Ачаа тээвэр захиалсан иргэн Т.Доржоос тодрууллаа.
-Таны ачаа яг одоо хаана байна вэ?
-Би гуравдугаар сарын 15-нд ачаагаа захиалсан. Тяньжин боомт дээр ачаа маань дөрөвдүгээр сарын 16-нд ирсэн. Олон улсын ганц том боомт болох Тяньжин нь ачааллаа дийлэхгүй байгаагаас шалтгаалаад байна. Ковидоос хойш л ийм асуудалтай болсон. Хятадын талд, эсвэл манайд уу гээд яг хаанаа асуудал байгааг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ачаа таваарыг яагаад хурдан шуурхай татаж болдоггүй юм.
-Нэг чингэлэг ачааг та хэдэн ам.доллараар захиалсан бэ?
-Энгийн тээвэрлэлт нь 3300, 3400 ам.доллараар ирдэг. Хэрэв хурдан татуулбал 4100 ам.доллар, бүр яаралтайгаар 5000 ам.доллар гэж тээвэр зуучаас үнэ санал болгодог. Бид энгийнээр ачаагаа захиалсан. Хэзээ наашаа ачигдахыг хэлж мэдэхгүй байна. Мөнгө нэмж төлөхгүй болохоор ачихгүй байлгаад байна уу гээд л үнэхээр гайхаж байна. Удаашралтай болохоос ачаа тээвэрт одоогоор үнийн хувьд өөрчлөлт ороогүй байгаа. Яаралтайгаар бид 14 хоногт ачаагаа авах тохиолдолд 5200 ам.доллар төлөх шаардлагатай юм билээ.
-Та сүүлд нэмж ачаа захиалсан уу?
-Бид одоо энэ захиалсан ачаа бараагаа ирсний дараа дахин захиална. Анх захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна. Барааны хомсдолд орлоо. Гарч байгаа сөрөг үр дагаврууд нь асар өндөр. Банкны мөнгөө төлж чадахгүйд хүрэх нь. Ковидоос өмнө 21 хоногт ачаа ирдэг байсан. Уг нь 45 хоногтоо ирээд байвал асуудалгүй л дээ. Тээвэр зуучийн компаниас асуухаар таных мөдгүй юм байна. Та яаралтайгаар авах юм бол 1500 ам.доллар нэмж төлнө гэсэн. Энэ нь монгол мөнгөөр таван сая төгрөг болно. Мөнгө нэмээд авчихаар эргээд худалдан борлуулахад үнэ нь нэмэгдэх болдог. Худалдан авагчдад л хүнд тусна даа хэмээсэн юм.
Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна
Захиалагч иргэн Т.Баяраас тодрууллаа.
-Тяньжин боомт дээр таны ачаа хэр удаж байна вэ?
-Би 2024 оны гуравдугаар сард бараагаа захиалж үйлдвэрлүүлээд, дөрөвдүгээр сарын 12 гэхэд Тяньжин дээр ирээд одоо хүртэл ачигдахгүй хоёр сарын хугацаанд гацсан байдалтай байна. Ачаагаа энгийнээр захиалсан. Сураг сонсоход дөрвөөс таван мянган чингэлэг Тяньжин боомт дээр овоорсон гэсэн. Шахаад явуулъя гэхээр манай монголчууд ачааллаа дийлэхгүй, боомтоороо гаргаж чадахгүй, явж байгаа галт тэрэг нь ч бага байгаа гэж сонссон.
-Зуучлагч тээвэр зуучийн компаниас танд юу гэж хэлж байна вэ?
-Таны ачааг ачуулахаар хөөцөлдөж байгаа. Нэмж мөнгө төлөх юм бол ачааг тань нааш нь хурдан татах талаар ярьж байгаа гэсэн ч тэр нь бүтэлтэй болохгүй л байх шиг. Тяньжин дээр хүлээгдэх хугацаа нь 60-80 хоног болсон гэсэн. Галт тэргээ сайн явуулаад байсан бол ийм хүндрэл учруулахгүй л дээ. Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна. Би зуны дугуй захиалсан байсан юм. Ирэхгүй байсаар байтал улирал нь дуусах нь. Хүмүүс ч зуны дугуйгаа аваад дууслаа. Хадгалахаас авахуулаад агуулах хэрэгтэй болно. Хэзээ ачаа маань ачигдах нь тодорхойгүй байна.
Дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замаас тодруулахад “Тяньжинаас Эрээн хүртэлх ачаа тээврийн галт тэргийг Хятадын тал хариуцдаг. Өнгөрсөн тавдугаар сард Тяньжинаас Эрээн рүү явах галт тэрэгний тоо багасч, чингэлгийн бөөгнөрөл үүссэн шалтгааныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс Тяньжинаас Эрээн рүү яаралтай чингэлгүүдээ татан авах саналыг Хятадын төмөр замд удаа дараа тавьж, хүсэлт илгээгээд байна. Тэдний зүгээс зургадугаар сард хэвийн горимоор буюу хоногт нэгээс хоёр галт тэрэг аялуулах тухайгаа мэдэгдсэн” гэв.