Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах гель эрт үеийн эмнэлзүйн туршилтаар үр дүнтэй болох нь нотлогджээ

0

Дааврын бэлдмэлтэй хослуулсан гель нь эмнэлзүйн туршилтад орж байсан бусад бүтээгдэхүүнээс илүү богино хугацаанд эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг дарангуйлдаг болох нь нотлогдсон байна.

Туршилтын урьдчилсан дүгнэлтийг энэ долоо хоногт Бостонд болсон Дотоод шүүрлийн нийгэмлэгийн жил тутмын хурал дээр танилцуулжээ.

Хоёрдугаар шатны туршилтад 222 хүн оролцсон бөгөөд оролцогч нар дор хаяж гурван долоо хоногийн турш өдөр бүр сегестерон ацетат болон тестостерон дааврын бэлдмэл агуулсан гелийг түрхэж хэрэглэсэн байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд чиглэсэн ашгийн бус байгууллага болох Хүн амын зөвлөл нь Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран уг гелийг боловсруулжээ.

Дараа нь судлаачид дөрвөн долоо хоног тутамд оролцогчдын эр бэлгийн эсийг тоолоход найм дахь долоо хоногоос эр бэлгийн эсийн үйлдвэрлэл багасаж, 15 дахь долоо хоног гэхэд оролцогчдын 86 хувийнх нь эр бэлгийн эсийн тоо миллилитр тутамд 1 сая болж буурсан байна. Эр бэлгийн эсийн тоо миллилитр үрийн шингэнд 15-200 сая байх нь хэвийн хэмжээнд тооцогддог.

Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хөгжүүлэх хөтөлбөрийн ахлагч Диана Блайт энэхүү судалгааны үр дүнг чухал үйл явдал хэмээн онцлоод, эрэгтэй жирэмслэлтээс хамгаалах аргыг эмэгтэйчүүдийнхтэй адил эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал гэж үзэж байгаагаа хэлэв.

Зах зээл дээрх эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэхээс хамгаалах цорын ганц үр дүнтэй арга бол васэктоми болон бэлгэвч юм.

Тэгвэл жирэмслэлтээс хамгаалах аргыг эрчүүдийн дунд нэвтрүүлэх нь жирэмслэлтээс хамгаалах асуудлыг хүйсийн хувьд тэгшитгэж, эмэгтэйчүүдэд ирдэг ачааллыг хөнгөвчлөхөд тустай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна.

Жирэмслэлтээс хамгаалах гелийн эмнэлзүйн туршилтууд дуусаагүй байгаа тул урт хугацааны аюулгүй байдал, үр нөлөө нь бүрэн судлагдаагүй гэсэн үг юм. Гэхдээ урьдчилсан туршилтын үр дүн найдлага төрүүлж байна.

Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах өөр бусад бэлдмэлийн туршилтуудад эр бэлгийн эсийн үйлдвэрлэл жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй түвшинд хүрэх хүртэл хэдэн сар зарцуулж байсан бөгөөд туршилтад оролцогчдод гаж нөлөө илэрч байжээ. Харин уг гель өмнө нь туршигдаж байсан бүтээгдэхүүнүүдээс илүү хурдан үр дүнгээ үзүүлдэг, сөрөг нөлөө бага байгаа аж.

Уг гелийн туршилт энэ оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байна.

Эх сурвалж: The Washington Post

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *