Монголын шилжилтийн үе буюу “Нохойн орон”-оор аялахуй

0

Монгол Улс социализмаас ардчилал руу шилжиж буй цаг үеийг харуулсан “Нохойн орон” баримтат кино 1998 онд нээлтээ хийж, олон улсын 60 гаруй наадамд оролцон нийт 23 шагнал хүртэж байжээ. Тус кино нь Бельгийн кино найруулагч, антропологич Петер Бросенс болон Монголын кино найруулагч, зохиолч Д.Төрмөнхийн хамтран бүтээсэн гурамсан бүтээлийн цөм нь юм. “Нохойн орон” баримтат киноны 25 жилийн ойг тохиолдуулан тус киног орос хэлнээ хөрвүүлсэн гэрэл зурагчин, аялагч Алексей Мыслицкий /А.М/ тус киног бүтээлцсэн найруулагч, зохиолч Д.Төрмөнхтэй /Т.Д/ ярилцсаныг товчлон хүргэж байна.А.М: Петер Бросенс та хоёр хэрхэн танилцсан бэ?Д.Т: Петер Бросенс болон Одо Хафлантс нар Төвөд, Хятадаар телевизийн төсөл хийчхээд Европ руу буцахаасаа өмнө Монголд аялж явсан. Дуу хөгжим, кино урлагийг гэх сонирхол биднийг нэгтгэсэн. Улмаар бид Улаанбаатар, Чойр зэрэг хот, хөдөөгийн газруудаар явж гурамсан цувралаа бүтээсэн.

undefined

А.М: Оросуудын орхин нүүсэн газруудад П.Бросенс туйлын сонирхолтой байж, тийм үү?Д.Т: Тийм ээ. Петер антропологич учраас ч тэр үү пост-социалист газрууд, цэргийн баазууд, Зөвлөлтийн хөшөө дурсгалд туйлын сонирхолтой байв. Албан тоогоор Зөвлөлтийн 200 мянга гаруй цэрэг Монголд байрлаж байсан гэх мэдээ бий. Горбачев Хятадтай тохиролцон гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа 24 цагийн дотор Монголоос нүүх тушаал авсан. Тэдгээр цэргүүд орон сууц, тавилга, тэжээвэр амьтад, сургалтын ноход гээд бүгдийг нь яаралтай орхисон юм. Нөгөө орхигдсон нохойнууд гудамж, талбайд бөөнөөрөө тэнүүчлээд жинхэнэ гамшгийн юм болсон доо. Тэр үед нь бид Чойрт зураг авалтаа хийж байлаа.А.М: Тэгэхээр киноны санаа эндээс урган төрсөн байх нь ээ?Д.Т: Петер бид хоёр Бельгид уулзахад Монголд тийм их гудамжны нохой байдаг шалтгааны талаарх Л.Номингийн нийтлэлийг уншсан тухайгаа ярьсан юм. Тэрхүү нийтлэлд нохойнууд үхсэнийхээ дараа хүн болж ахин төрдөг учраас бусад амьтнаас арай өөрөөр хүндлэгддэг. Нохой алж устгадаг хүн байхгүйн дээр үхсэнийх нь дараа биед нь хүрдэггүй гэж бичсэн байжээ. Улмаар нохой хүн болж дахин төрж буй үйл явдлаар кино хийх сэдэл анх төрсөн нь тэр билээ. Эхлээд трилогийнхоо анхны кино “Талын хот”-ыг засварлаж дуусаад, “Нохойн орон” киноны зохиолыг бичсэн. Тухайн үед кино хийх мөнгө байхгүй тул 700 доллар босгохын тулд гурав, дөрвөн жилийг зарцуулсан.

undefined

А.М: Эдгээр кинонуудад Монголын шилжилтийн үе тод томруун дүрслэгджээ.Д.Т: Ерээд онд Зөвлөлт задарч, бидний мэдэхгүй цоо шинэ зүйл айсуй мэт санагдаж байсан ч яг юу гэдгийг нь хэн ч мэдэхгүй байлаа. Үйлдвэрүүд хаагдаж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэнээр нохой байтугай хүмүүс гудамжинд олноороо гарч байв.Бид ч бүтээлдээ шилжилтийн үеийг зүйрлүүлж, шигтгэж өгсөн. Нохой үхэж, хүн төрнө. Цааш юу болохыг хэн ч мэдэхгүй.А.М: Та бүтээлдээ үхэл амьдрал, хүн ба нохойн хил заагийг амжилттай харуулсан гэж бодож байна.Д.Т: Энэ кино бөө мөргөл болоод Буддын шашны сургаал, ертөнцийг үзэх үзлийг ч мөн харуулсан. Нэг ертөнц сүйрэхэд нөгөө ертөнц бүтээгдэнэ. Ийм учраас бид Ра бурхны домгийг кинондоо тусгасан.2021 онд киногоо дахин үзэхдээ би нэг чухал зүйлийг ойлгосон. Кино урлаг үеэс үед нөлөөлсөн түүхэн цаг үеийг хадгалж үлддэг юм билээ. Бид тухайн цаг үеийг хадгалж чадсандаа баяртай байгаа.

undefined

А.М: Нохойнуудыг буудаж буй бичлэг кинонд гардаг. Энэ талаар яривал?Д.Т: Бидэнтэй ойролцоо нохой устгалын ажил хийдэг Амраа гэдэг хүн амьдарч байсныг олж мэдээд кинондоо оролцуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьсан. Монголд нохой алахыг маш том нүгэлд тооцож цээрлэдэг учир Амраа ч удаа дараа татгалзсан.Зөвлөлтийн үед Амраа арьс үйлдвэрлэлийн хоршоонд анчнаар ажилладаг байжээ. Гэвч социалист систем задран унасны дараа тэр бусдын л адил ямар нэг ажил хийхээр зорьж, нохой устгалын газар ажиллах болсон.Өглөө эрт хүмүүс унтаж байхад гарч ажлаа хийнэ. Нохой устгадаг хүмүүс ажлын үр дүнгээ тооцуулахын тулд нохойгоо буудсаны дараа хамрыг нь тасдаж авдаг байж. Гэвч кинонд ийм үзэгдэл оруулах нь хэтэрсэн явдал болох учир бид оруулаагүй. Мэдээж эдгээр зураг авалт маш хүнд байсан.А.М: Монголчууд болон гадаадын үзэгчид хэр хүлээж авсан бэ?Д.Т: Монголд нэг их өргөн хүрээнд цацагдаагүй ч сөрөг сэтгэгдлүүд их байлаа. Хүмүүс Монголыг нохойн оромж мэт харууллаа гэж дургүйлхэж байсан. Харин олон улсын үзэгчид их таатай хүлээж авсан шүү. Мөн бид олон улсын 60 кино наадамд оролцоод 23 шагнал хүртсэн.

undefined

А.М: Кино гарснаас хойш юу болсон бэ?Д.Т: Би Нью-Йоркт байхдаа зохиолч Гарт Стайнд кино зохиолынхоо хувилбарыг өгсөн юм. Улмаар 6,7 жилийн дараа Гарт Стайн манай кинонд тулгуурлан өөрийн “Бороонд гүйх урлаг” номоо хэвлүүлсэн нь бестселлер болсон байсан. Түүнчлэн Холливудэд уг зохиолтой ижил нэрт кино гарсан.Мөн би киноноосоо үндэслэж “Нохойн орон” нэрт романаа гаргасан бөгөөд энэ зун англи хэл дээр хэвлэгдэх гэж байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *