Тувагийн иргэн хил зөрчиж ирээд хүүхэд дээрэмджээ
ОХУ-ын Тува улсын нэг иргэн өнгөрсөн долоо хоногт манай улсын хилийг зөрчиж орж ирээд хүүхэд дээрэмджээ. Уг хил зөрчигч хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр орж ирэн Увс аймгийн Сагил сумын IV багийн малчин Б-ийн хүүгийн эд зүйлийг дээрэмдэн зугтсан аж.
Тэрээр гэмт үйлдэл хийсэн даруйдаа буцаж хил гарч явсан бөгөөд хилчид, цагдаагийнхан ОХУ-ын талтай хамтран уг хэргийг шалгаж, дээрэмдсэн эд зүйлийг буцаан авсан байна. Харин ОХУ-ын тал иргэнээ шалгуулахаар манай талд өгөхгүй байх эрхээ эдэлж гэмт үйлдэл өдүүлсэн залуугийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй гэнэ.
Тувагийн иргэн ийнхүү хил зөрчсөн бол манай улсын иргэд самар түүх нэрээр хил зөрчсөөр байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь хилийн хэсгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсын 25 иргэн хуш модны самар түүх зорилгоор хил зөрчсөнийг ОХУ-ын хилийн манаа илрүүлэн саатуулж, манай хилчдэд хүлээлгэн өгч буцаан гаргажээ. Өдгөө тэдгээр хил зөрчсөн хүмүүсийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж буй гэнэ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Булган аймгийн Тэшиг сумын нутаг, улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч хушны самар түүж байсан автомашин, морьтой 51 хүнийг хилчид илрүүлэн 11-т нь хуулийн дагуу хариуцлага тооцож, бусад 40 иргэнийг шалгаж буй аж.