Яамгүй сайд нарыг явуулж, төсөвт тодотгол хийнэ

0
занд

УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэнээр Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох учиртай. Унтаад сэрэхэд зурагдчихсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж үгүй. Түүний хувьд өөрийн Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өнгөрсөн хэд хоногт хар зургийг нь гаргачихсан гэх яриа бий. Иргэд олон нийтийн дунд МАН дангаараа засаглах уу эсвэл УИХ-д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтарч Засгийн газраа байгуулах уу гэдэг дээр хүлээлт өндөр байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ЯАМГҮЙ САЙД НАРЫГ ЯВУУЛНА

Ерөнхий сайдад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоо байгаагаас данхайлгах, томруулах боломж нөхцөл үгүй. УИХ-ын гишүүд ч энэ талаар удаа дараа сануулсан. Хамгийн гол нь цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Түүнчлэн төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллахыг захиж байв.

Ерөнхий сайд Г.Занданшатар ачааг ард түмэн, ААН-үүдийнхээ нуруунд үүрүүлэх бус, төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлсэн. Мөн чиг үүрэг нь давхардсан Үндэсний хороод, үр ашиг муутай төрийн сангуудийг цэгцэлж, үр ашиг бус үрэлгэн зардал авчирч байгаа төрийн өмчит компаниудын тоог цөөлөхөө ч илэрхийллээ.

Үүнээс үзэхэд Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, 20 минутын хот Үндэсний хороог татан буулгаж, яамгүй сайд нарын тоог цөөлөх нь тодорхой харагдаж байна.

Мөн “Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж хэлснээс үзэхэд төрийн албан хаагчдын тоог бууруулж, урсгал зардлаа хэмнэхээс өөр сонголт түүнд үлдсэнгүй. Төрийн өмчийн оролцоо эдийн засагт 30 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 70 орчим хувийн орон зай эзэлж байгаа нь энэ чиглэлд дорвитой алхам хийхээс өөр сонголт үлдээгүй гэдгийг илтгэж байна.

ТӨСӨВТ ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ ХИЙНЭ

Монгол Улсын 2025 оны төсвийн зарлага түүхэн дээд хэмжээнд хүрч 35.6 их наяд төгрөгт хүргэсэн. Харамсалтай нь, он гарсаар эхний таван сарын байдлаар Монгол Улсын экспортын орлогын голлох эх үүсвэр болох нүүрсний үнэ 70-80 ам долларт хэлбэлзэж, тонн тутамд нь 20-25 ам.долларын алдагдал хүлээж эхэлсэн.

Улмаар төсвийн орлого ойролцоогоор 2 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй байна.

Худалдааны тэнцэл хасах оронтой тоо руу орж, инфляц хоёр оронтоо тоо руу орох дөхөөд байна. Саяханыг хүртэл төсөвт тодотгол хийх хууль, эрхзүйн орчин нөхцөл бүрдээгүй гэж мэлзэгсэд олон байсан. Тэгвэл шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү төсвийн тодотгол нь төсвийн хэмнэлт рүү чиглэнэ гэдгийг зоригтой мэдэгдэв. Улмаар энэ оны төсвийг өргөн барьж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч  хориг тавьж, төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасрах байсан гэдгийг ч учирлав. Үргүй зардлыг танахгүй бол цаашид улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Цаашид эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлого хэрэгжүүлж ажиллахаа ч амлав. Эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлого явуулах талаарх үг яриа МАН-ын мөрийн хөтөлбөрт удаа дараа суусан ч ажил хэрэг болсон нь ховор. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд эдийн засагч мэргэжилтэй хүнийхээ хувьд энэ бодлогоос алхам урхахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэгвэл ирэх долоо хоногт оруулж ирэх хэмнэлтийн төсвийн тодотголд хаана, хэнээс, юуг хэмнэх тооцоо гаргасныг харах л үлдэж байна. Улмаар төсөв нь улайчихсан байхад л төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг нэмэгдүүлэх талаар амладаг. Амласан амлалтаа биелүүлэхийн тулд урсгал зардлын хувь хэмжээ жилээс жилд өсч төсөвт дарамт учруулж буй. Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдгийг үнэнээр нь хэлэх ад үзэгдэх зориг түүнд байгаа нь их юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *