“Бэлтэс мөрөн”-д холбогдох шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.06.10/ ес дэх өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн,
Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; байнга тогтвортой үйлдсэн,
Шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байсан юм.
Энэ хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 15-нд хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 29-нд товлон зарласнаар өнөөдөр ийнхүү ес дэх өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гурав, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч нэг, шинжээч нэг, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүн оролцож байна.