Койны ард нуугдсан улстөрчид буюу шинэ цагийн мөнгө угаалт

0

Зах зээлээс хамгийн их санхүүжилт босгосон MNFT, ELF, WPL нэртэй койнуудын цаана ямар улстөрчид холбогдож байгааг ergelt.mn сайт 2023 онд баримтаар дэлгэсэн. Энэхүү мэдээллийг дахин сануулан нийтэлснийг хүргэж байна.

“Нүүрсний хэрэг”-ийн араас “Койны хэрэг”-ийн дуулиан залгалаа. “Койн” гэх бизнест орон байр, оффис, хурааж хуримтлуулсан хадгаламж, унах унаагаа хүртэл алдсан хохирогчид уйлан хайлан хэвлэлийн хурал хийж, хууль хяналтынхан ч мөрөөр нь орж мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Койнчид” иргэдийн халаасыг сэгсэрч олсон мөнгөө орон сууц, оффис худалдаж авах мэтээр угааж, гадаад руу гаргасан нь захаасаа ил болж байна. Бас нэг ноцтой асуудал нь, “Нүүрсний хэрэг”-ийн цаана улстөрчид байсан шиг “Койны хэрэг”-ийн цаана ч улстөрчид нэр холбогдож байна. Өөрөөр хэлбэл, “койнчид” улстөрчдийн санхүүжүүлэгч байсан уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.

“ELF” НЭРТЭЙ КОЙН ГАРГАЖ, 45 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН Б.БАТЖИН БА УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪДЯАСҮРЭН

Зах зээлд “ELF” нэртэй койн гаргаж, 45 тэрбум төгрөг төвлөрүүлсэн “Элф эдүкэйшн” ХХК-ийн захирал Болдбатын Батжин гэгчийг хууль хяналтынхан шалгаж эхлээд буй. Б.Батжин нь “ELF” койноороо 4700 гаруй иргэнийг залилж, хууль бусаар 1.2 тэрбум төгрөгийн ашиг олж, мөнгө угаасан байж болзошгүй мэдээлэл бий. Тэгвэл “ELF” койныг гаргаж, мөнгө угаасан хэрэгт шалгагдаж буй Болдбатын Батжингийн ард УИХ-ын гишүүн, өдгөө “Нүүрсний хэрэг”-т яллагдагчаар татагдаад буй А.Адъяасүрэн байж болзошгүй маш ноцтой баримт байна. Б.Батжин нь “койны хэрэг”-ээр, А.Адъяасүрэн “нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж буй нь хоорондоо харилцан хамааралтай буюу “мөнгө угаах” хэргийн хамтрагчид байсан байж болзошгүй ажээ.

    УИХ-н гишүүн А.Адъяасүрэн Британийн Виржини аралд бүртгэлтэй “Friendship and Fortune S Corporation” компани болон Хятадад бүртгэлтэй “Жунрунь трейд” компанитай хамтран “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Иваал сар транс” ХХК, “Азийн хишиг дэлгэрэх” ХХК-иудыг эзэмшиж ирсэн. Энэ дөрвөн компани нийт 504 автомашинаар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас Хятад руу нүүрс зөөдөг. 

      Дээрх дөрвөн компани “Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5-р баг,  “Премиум кастомс” ХХК-ийн 201, 202, 203, 204 тоот” гэх  хаяг дээр бүртгэлтэй байдаг. Харин “Премиум кастомс” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үүсгэн байгуулж, эзэмшдэг байсан. УИХ-ын гишүүн болсныхоо дараа “С” зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэрэгт холбогдмогцоо “Премиум кастомс” ХХК-иа хамаарал бүхий “Шилмэл газар” ХХК-д шилжүүлж, өөртөө хамааралгүй мэтээр өнгөлөн далдалсан. 

    Тэгвэл “Шилмэл газар” ХХК-ийг Сингапурт бүртгэлтэй “Sunrising Brotherhood Pte” компани эзэмшдэг. Тус компани “Улаанбаатар, Хан-Уул, 17-р хороо, Зайсан, 38Б байр, 2 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр “Томүжин технологи” ХХК, “Томүжин алтернатив скүүлс” ХХК, “Томүжин интернэйшнл” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Энэ компаниудыг Болдбатын Батжин гэгч эзэмшдэг. Б.Батжин нь “ELF” койныг үүсгэн байгуулагч буюу зах зээлээс 45 тэрбум төгрөг босгож, хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгагдаж эхлээд буй этгээд. 

       Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Койны хэрэг”-ээр шалгагдаж буй Б.Батжин нар дундын буюу Виржини, Сингапур, Хятад бүргэлтэй компаниудтай хамтардаг, нэг сүлжээнийхэн болж таарч байна.  

“WPL” КОЙНООР 18 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН Х.ЭРДЭНЭБАЯР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАНЫ СОНГУУЛИЙН ХАНДИВЛАГЧ БАЙЖЭЭ

Зах зээлд “WPL” нэртэй койн гаргаж, нийт 18 тэрбум төгрөг босгосон “Ворлд плас дижитал” ХХК-ийг захирал “Хасагийн Эрдэнэбаяр гэгчийг хохирогчид нь эрэн сурвалжилж буй. Х.Эрдэнэбаяр нь “WPL” койныг гаргах үедээ байрлаж байсан оффисийнхоо түрээсийг ч өгөлгүй гадаад руу гарч зугтсан гэх мэдээлэл бий. 

     Ноцтой нь, Хасагийн Эрдэнэбаяр нь “Ворлд плас дижитал” ХХК-ийг 2018 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Эрдэнэбаатарын Долгион, Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга Сангарагчаагийн Пүрэвжав, Хакухо М.Даваажаргал буюу Шо Хакухо, Япон Улсын иргэн Мотохару Кимура, Баярсайханы Батжаргал нар хамтран байгуулсан. “Койн”-той холбоотой хэл ам гарч эхэлмэгц Э.Долгион, Хакухо М.Даваажаргал, Мотохару Кимура нар хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан. Одоо тус компани Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав, Б.Батжаргал нарын нэр дээр байгаа юм.

   Тэгвэл “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал, “WPL” нэртэй койноороо 18 тэрбум төгрөг босгоод зугтсан гэх Х.Эрдэнэбаяр нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы сонгуулийн хандивлагч ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайханд 2020 оны сонгуулиар 86 хүн 1-5 сая төгрөг хандивлаж, 296 сая төгрөгийн санхүүжилт босгосны нэг нь Хасагийн Эрдэнэбаяр гэгч ажээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ Ө.ҮНЭНБҮРЭН “МNFT” КОЙН ГАРГАЖ,

ЭХНИЙ ӨДРӨӨ 81 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН

Тайлбар: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний хүү Ө.Үнэнбүрэн

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн нь хэдэн мянган хүнийг хохироосон “койнчид”-ийн нэг том төлөөллөөр нэрлэгдэж буй. Ө.Үнэнбүрэн нь эхэндээ төрсөн дүү Ө.Номинтойгоо хамтарч ээж С.Одонтуяагийнхаа үүсгэн байгуулсан “Лотс инвест” ХХК, “Сод трейд” ХХК-иудыг удирддаг байсан. Улмаар 2018 оноос койны бизнест хөл тавьсан. Тодруулбал, Ө.Үнэнбүрэн нь 2018 онд “Бит мон экс” ХХК-ийг Баярмагнайн Гантиг, Базарын Сабит нартай хамтран байгуулсан. Тэд эхлээд “Бит мон экс” ХХК-ийнхаа нэр дээр “Bitmonex” нэртэй бирж ажиллуулж, зах зээлд гарсан койнуудыг арилжаалдаг байсан. Дараа нь өөрсдөө “MNFT” нэртэй койныг зах зээлд гаргасан. “МNFT” койныг анхдагч зах зээлд 60 мянган хүн худалдаж авсан. Харин хоёрдогч зах зээлд 2021 оны арваннэгдүгээр 24-нд гаргаж, эхний өдрөө 24 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 81 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Ноцтой нь, Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нарын үүсгэн байгуулсан “MNFT” койны хохирогчид нэмэгдсээр байгаа. Дээрээс нь, Ө.Үнэнбүрэнгийн хамтрагч Б.Гантиг нь давхар О.Мөнхжинтэй хамтран гаргасан “IHC” койныхоо хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж буй. 

     Түүнчлэн С.Одонтуяагийн бэр буюу Ө.Үнэнбүрэнгийн эхнэр Б.Алтантариа нь “Вэллком” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь 2016 оны наймдугаар сараас ОХУ-аас шатахуун, шатах тослох материал импортолж, бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах бизнес хийж эхэлсэн. Анхаарал татах асуудал нь, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажилласан. Улмаар АМГТГ-ын даргаас чөлөөлөгдмөгц нь бэр Б.Алтантариа нь газрын тосны буюу шатахууны бизнес хийж эхэлсэн байгаа юм. Товчхондоо, Г.Өлзийбүрэн АМГТГ-ын дарга байх хугацаандаа ОХУ-ас шатахуун оруулж ирэх бэлтгэл ажлаа хангаж, албан тушаалаа өгмөгцөө бэрээрээ дамжуулан шатахууны бизнесээ хийж эхэлжээ гэж харагдаж байгаа юм. 

     Бас нэг ноцтой баримт нь, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийн “Вэллком” ХХК-д Паламын Баярцогт, Цэнгэмаагийн Амраа нар хувь эзэмшдэг. П.Баярцогтыг судлаад үзвэл, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” нүүрсний уурхайг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариа нь “нүүрчид”-тэй шууд холбогддог гэсэн үг юм. Харин Цэнгэмаагийн Амрааг судалж үзвэл, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсантай хамтран өндөр төлбөртэйгөөрөө зартай “British school Ulaanbaatar” сургууль буюу “Бритиш скүүл монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулж, удирдаж байсан нэгэн ажээ. 

    Цаашилбал, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийн бас нэг бизнес нь алдарт Т.Бадамжунайтай холбогддог. Тодруулбал, Б.Алтантариа нь УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Гаваатай хамтарч “Смарт чойсе транс” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь автозам, төмөр зам, агаарын замаар ачаа тээвэрлэх буюу тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн төрийн өмчит үйлдвэрүүдэд сэлбэг, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ. 

С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ Ө.ҮНЭНБҮРЭН БА СОЁЛЫН САЙД Ч.НОМИН, ТҮҮНИЙ НӨХӨР Г.БАТ-ЭРДЭНЭ, ХАДАМ ДҮҮ Г.ЗОЛБОО НАРЫНХ НЬ ХАМТРАЛ 

    С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн хамгийн ойрын хамтрагчид нь Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ нар. Тэд гэр бүлийн найзууд, бас бизнесийн хамтрагчид. Тухайлбал, Ө.Үнэнбүрэн 2017 онд Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, Г.Бат-эрдэнийн төрсөн дүү Г.Золбоо нартай хамтран “Скинни” ХХК-ийг байгуулсан. Гэхдээ 2021 наймдугаар сард “Скинни” ХХК-ийн хувь эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, Ө.Үнэнбүрэн, Ч.Номин нар нэрээ хасуулж, Г.Бат-Эрдэнэ, Г.Золбоо нарыг хувьцаа эзэмшигчээр үлдээсэн байдаг. Өдгөө “Скинни” ХХК нь барилгын зураг төсөл, засал чимэглэл, интерьер дизайны үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, Төрийн ордны зүүн талд байрлах “Галерей Улаанбаатар” барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн тус компани “Монгол тв” цамхагт байрлаж, тус телевизийн “Шарк танк” тэргүүтэй нэвтрүүлгүүдийн тайз заслыг гүйцэтгэдэг. 

Цаашилбал, Ө.Үнэнбүрэн, Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Г.Золбоо нар 2018 онд “Скинни констракшн” ХХК-ийг байгуулсан. Мөн л 2021 оны хоёрдугаар сард Ч.Номин, Ө.Үнэнбүрэн нар хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулж, Г.Золбоо, Г.Бат-Эрдэнэ хоёрт үлдээсэн байдаг. 

Нэгтгэж харвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн, Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, хадам дүү Г.Золбоо нар бизнесийн асар дотно хамтрагчид байж ирсэн нь тун тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ нэгдүгээрт Ч.Номин Соёлын сайд болсон, хоёрдугаарт Ө.Үнэнбүрэн нь “койн”-ы бизнес хийж эхэлсэн гэх хоёр том шалтгаанаар Ө.Үнэнбүрэн, Ч.Номин нар бизнесийн холбоо хамаарлаа салгаж, нийтээр нууцалсан гэж харагдаж байгаа юм. Нөгөөтээгүүр, Ө.Үнэнбүрэнгийн ээж С.Одонтуяа АН-ынх, Ч.Номин МАН-ынх тул тэд хамтарсан бизнесээ нууцлахыг хүссэн биз ээ.

Эх сурвалж: ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *