Лондонд үл хөдлөх худалдаж авсан албан тушаалтан хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлжээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр хээл хахуулийн мөнгөөрөө Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотын А зэрэглэлийн бүсэд хоёр давхар орон сууц авсан албан тушаалтны талаар дурдсан. “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын үйлдсэн хэргийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж, хөрөнгийг нь буцаах ажиллагаа явуулж, Монголдоо авахаар болоод байгаа аж.
Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хойд хөршид хаалттай хувьцаат нийгэмлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 онд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллахаар болсон байдаг.
Түүнийгээ байгуулахдаа Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн байна. Тодруулбал, 3.4 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 347 сая гаруй төгрөг ОХУ-ын аж ахуйн нэгжээс З.Ганбаатар авсан хэрэгт холбогдсон. Уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан нь тогтоогджээ.
Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатыг ч холбогдуулсан байдаг. Л.Дэлгэрбат нь өөрийнхөө үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг бусдын нэр дээр тендерт оролцуулж, таван сая гаруй ам.долларын үнийн дүн бүхий 12 гэрээ байгуулан 2006-2016 оныг дуусталх хугацаанд уг мөнгийг шилжүүлэн авч, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгагдсан. Ингэж албан тушаалаа ашиглаж, өөрийнхөө аж ахуйн нэгжид давуу байдал олгож авсан мөнгөө Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компаниар дамжуулж угаасан хэрэгт холбогдсон юм.
Энэ хоёр хүн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 11-20 сая төгрөгөөр торгуулж, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн юм.