#1 НИЙГМИЙН ДУУДЛАГА!
Ардчилал гэж яг юу вэ? Цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлэхэд тэргүүн фронтод явсан гэж өөрсдийгөө тодорхойлж, томъёолдог анхны гэх тодотголтой 13 хүний намтар уу? Эсвэл үзэл санаанд нь тулгуурлаж үүсгэн байгуулсан намынх Үндсэн дүрэм үү? Албан тушаалд сүнсээ худалдаж, амин хувийн шуналаар үнэт зүйл сольсон хэсэг бүлгийн, хэдхэн хүний эрх ашгийг хангаж, авлигыг сүлжээг хэрдэг хэрэглүүр рүү? Аль нь ч биш мөртлөө Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 32 жилийн бодит бас сургамж нь дээрх асуулт мөн асуудал.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн Үндсэн хуулийн гол дархлаа болсон заалт өнөөгийн Монголыг Төв Азидаа “Ардчиллын баянбүрд” хэмээх ойлголтыг төрүүлдэг ч хэдхэн хүн тойрч суугаад Төр барьж тоглодог, томилгоогоор дамжуулж төлөөний нэгнээ түлхдэг тэгээд цөөхүүлээ хөлждөг тийм нийгмийг бүтээсэн нь гашуун үнэн. Улс төрийг шатрын өрөг гэж томъёолбол улстөрчид нь ноён сууж, хамаарал бүхий хүмүүсээ бэрс гаргаж ирсэн системийн гажуудал Монголын хамгийн том зовлон нь. Үүнийг илтгэх ганцхан жишээ нь, өөрсдийгөө, өөрт хамааралтай болгоныг Төр түшилцэх сонгуульд нэр дэвшүүлдэг, үе залгамжлуулж ирсэн явдал.
1992 онд ч ийм байсан, 2020 онд ч байлаа. Гэхдээ цаг цагаараа байдаггүйг, цадиггүй улс төрийг халж болдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар халлаа. Сонгуулийн холимог тогтолцоо, УИХ-ын гишүүний тоог 126 болгож нэмэгдүүлэх заалтыг улстөрч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, эрх баригч намын дарга байр сууриас манлайлал үзүүлж, Үндсэн хуульд шигтгүүлсэн хүн нь тэр өөрөө. Улс төр талаасаа ч, нийгмийн уур амьсгалаас харахад эсэргүүцэлтэй тулсан уу, тулсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ чадсан, бас хийсэн. Өнгөрсөн 30 жилийн улс төрийн оргилд сууж ирсэн хэсэг бүлгийн эрх ашигт цэг хатгасан.
Үүнийгээ улам баталгаажуулж, улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь парламентад суудалтай АН, ХҮН төдийгүй эрх баригч МАН-ынханд ч “гэнэтийн бэлэг” байв. Өөрөө ч намын жагсаалтын ард нуугдсангүй, өрөөлд боломж олгож, тэгэхдээ инженер, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хувийн хэвшил, үйлдвэрчин, шинжлэх ухааны академийн төлөөллийг бүхэлд нь багтааснаар улстөрчид л улс орныг хөгжүүлнэ гэсэн үндсэн ойлголтыг халав. Улстөрчид л бүхнийг шийддэг, улстөрчид л бүгдийг тодорхойлдог, улстөрчид өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг сонгодог арга барил, байр суурь лав л 126 гишүүнтэй анхны парламентаас гарахгүй, эрдэмтэд, инженерүүдийн дуу хоолой илүү жин дарж, солонгорно гэсэн үг.
Эмч, багш, эрдэмтэн, инженер, хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг энэ сигментийнхэн өөрсдөө л мэдэхээс улстөрчид тодорхойлохгүй учраас тэдний байр суурь хууль тогтоох дээд байгууллагад хэрэгтэй юу хэрэгтэй! Хамгийн хэрэгтэй. Үүнийг олж харснаараа, оруулж ирснээрээ маргаангүй нийгмийн дуудлага байж чадлаа.
1990 оноос хойших ардчиллын хоёр дахь давлагаа нь тогтолцооны реформ. Түүгээр дамжуулж, гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах шинэчлэл болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцлоод байгаа ийм л учиртай. Яг үнэндээ ардчилсан нийгмийн үнэт капитал болсон ард түмэн ялах уу? эсрэгээрээ авлигачид Монгол Төрийн сэнтийд тооноор орж ирээд дахин сандайлах уу? гэдгийг шийдэх түүхэн сонголтын өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар дүнгээ тавиулах гэж байна.