Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж шүүх хурлын өмнө дахин оргон зайлсан учир эрэн сурвалжилж эхэллээ
Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг одоогоос 3 жилийн өмнө гарсан.
-НАС БАРСАН ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, 2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН АВТОМАШИНААС 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫГ НЬ ОЛСОН БАЙДАГ-
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны /2021.05.25/ өдөр нэр бүхий этгээдүүд “Эрдэнэ Лайт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ын гүйлгээ хийсэн байдаг. Тухайн үйлдлийг банкныхан нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсанаар мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гадна талбайд байрлаж байсан автомашинаас 1.1 сая ам.долларыг нь олж, банканд нь хүлээлгэн өгч байсан байдаг.
-ОРГОН ЗАЙЛСАН Б.БЯМБАДОРЖИЙГ ХОВД АЙМАГТ БАЙХАД НЬ ОЛЖ ТОГТООН БАРИВЧИЛЖ БАЙВ-
Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж уг хэргийг Б.Бямбадорж Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын хүмүүс үйлдсэн болохыг олж тогтоон, тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Улмаар Б.Бямбадорж гэгчийг 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилж цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байв. Түүнийг хэсэг хугацаанд цагдан хорьсон ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Б.Бямбадорж нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодотговол, Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар шүүхээс тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр явуулахаар товлоод байсан. Гэвч тус хэргийг шүүх хурал ирэх долдугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшилсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Б.Бямбадорж нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлжээ. Тиймээс түүнийг дахин эрэн сурвалжилж эхэлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.