Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ташаа мэдээлэл ба НДЕГ-ын тайлбар

0

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ташаа мэдээлэлд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас тайлбар өгснийг хүргэе.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 1: “Нийгмийн даатгалд буюу орлого 26 хувийг ирээдүйд тэтгэвэрт гараад ашиглана гэж улсад хураалгадаг”.

НДЕГ-ын ТАЙЛБАР: Ажилтан цалингаасаа 11.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Ажил олгогч Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт тус бүрийн ялгаатай байдаг. Жишээлбэл оффист ажилладаг хүмүүс үйлдвэрийн осолд орох эрсдэл бага учраас ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ илүү бага хувиар төлөх боломж бий.

Нийгмийн даатгалын шимтгэлийн

  • 17 хувь нь тэтгэврийн сан,
  • 1.8 хувь нь тэтгэмжийн сан,
  • 0.7 хувь нь ажилгүйдлийн сан,
  • 4 хувь нь Эрүүл мэндийн даатгалын санд орж, Үлдсэн нь тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилгүйдэл эрүүл мэндийн даатгалын сан руу ордог.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 2: “2,000,000 төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалын шимтгэлд 520,000 төгрөг сар бүр төлнө. 20 жил төлөхөд 128,000,000 төгрөг болж байна”.

НДЕГ-ын ТАЙЛБАР: 2,000,000 төгрөгийн цалинтай хүн 11.5 хувиар бодоход сард 230,000 төгрөг төлж байгаа бөгөөд жилд дунджаар 2,760,000 төгрөгийг төлж буй гэсэн үг. Энэ хэмжээний цалинтай хүн 20 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд 55,200,000 төгрөг болно.

ТАШАА МЭДЭЭЛЭЛ 3: “Тэтгэвэрт гараад 10 жил энэ мөнгөнөөсөө сар бүр 660,000 төгрөг авлаа гэхэд 79,200,000 төгрөг л авч чадаж байна. 20 жил тасралтгүй нийгмийн даатгалд шимтгэл төлж, нийтдээ 124,800,000 төгрөг төлчхөөд, 10 жил тэтгэвэр авахад 79,200,000 төгрөг авна”.

НДЕГ-ын ТАЙЛБАР: 2,000,000 төгрөгийн цалинтай хүн өнөөдрийн тооцооллоор бол 900,000 төгрөгийн тэтгэвэр авна. 900,000 төгрөгийн тэтгэврийг 10 жил авахад 108,000,000 төгрөг болно. 55,200,000 төгрөгөө тэтгэвэр тогтоолгоод 10 жил болоход хоёр дахин нэмээд авч байгаа жишээтэй.

Гэхдээ эдгээр баримт нь зөвхөн өнөөдрийн тооцоололд үндэслэсэн гэдгийг анхаарна уу. Тэтгэвэр нь инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдэж байдаг. Магадгүй та 5, 10 жилийн дараа тэтгэвэрт гарахад энэ 108,000,000 төгрөг дахиад ч нэмэгдсэн байх боломжтой.

Олон нийтийн цахим сүлжээнд явж байгаа зарим мэдээллийг харахаар “Нийгмийн даатгал ямар хэрэгтэй юм бэ”, “Нийгмийн даатгал төлөөд хэрэггүй юм биш үү” гэж яриад байгаа юм. Хэрвээ нийгмийн даатгал төлөхгүй бол та ирээдүйд өөрөө хохирогч болох эрсдэлтэйг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн тэтгэвэр авахын тулд л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм биш. Үйлдвэрийн осол, ажилгүйдэл, эрүүл мэнд, мөн жирэмсний амралтын мөнгө зэрэг олон үйлчилгээг авдаг.

Залуучуудын хувьд өнөөдөр гэр бүл болоод эхнэр нь амаржлаа гэхэд жирэмсний амралтын мөнгө орох жишээтэй байдаг. Та магадгүй хэсэг хугацаанд ажилгүй боллоо гэхэд ажилгүйдлийн даатгалаас та мөнгө авна. Энэ бүхэн Нийгмийн даатгалаас орж ирдэг. Зарим хүн нийгмийн даатгалын үйлчилгээг авах болохоороо нөхөөд төлөх боломж байна уу гэж асуудаг. Мөн хожуу хойно нь нийгмийн даатгал ямар их хэрэгтэй зүйл вэ гэдгийг ухаарах тохиолдол ч бий.

Одоо таны цалингаас мөнгө суутгаж байгаа болохоор танд харам байж магадгүй. Гэхдээ энэ бол танд хоёр дахин үржигдээд очдог ашигтай зүйл.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *