20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ
УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.06/ үдээс хойшхи нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар танилцуулав.
Тус мэдээлэлд, улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна. 2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.
Мал төллөлт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 200.0 мянга орчим төл хүлээн аваад байгааг онцолж, хаваржилтын байдал сайнгүй байгааг мэдээлэв. Энэ сарын 8-10 өдрүүдэд Ховд, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж салхины хурд 16-24 м/с, зарим үед 27-34 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас Дундговь, Дорнод аймгуудад таван иргэн төөрч, есөн аймгийн 15 суманд нийт 41 айлын гэр, нэг саравч, 27 айлын хашаа нурж, 10 байшингийн дээвэр хуурчээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасныг хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Сайд мэдээлэлдээ өвөлд бэлтгэсэн ажлын талаар дурдаж, малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлдээд байгааг танилцуулсан юм. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.
Өнгөрөгч намар 20.0 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу хүнсэнд хэрэглэжээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийн 8000 тн түүхий, 5000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор баталсан. Мөн адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэн дээр тоо хэмжээг хязгаарлахгүйгээр экспортлохоор баталсны дагуу БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу гаргаж байна. 2022 онд 16.1 мянган тн, 2023 он гарсаар 17.3 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.
Амьд малын экспортын хэмжээ 2022 оны 10-12 сард 2.4 сая ам.долларын өртөг бүхий 28,503 толгой байсан бол он гарснаас хойш 2.1 сая ам.долларын өртөг бүхий 23,440 толгойд хүрсэн байна.
Газар тариалангийн салбарт 2023 онд улсын хэмжээнд 369.0 мянган га-д улаанбуудай, 69.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо, 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 586.5 мянган га–д тариалалт хийхээр төлөвлөн, 350.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр ажиллаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ хаврын тариалалтад нийтдээ 10.0 мянган тонн улаанбуудайн үр олгохын дотор 5.0 мянган тонн элит үрийг ОХУ-аас авахаар тооцож байгаа аж. Мөн хүлэмжийн аж ахуйд тарилах нарийн ногооны үр худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Үүний хүрээнд жилийн 5.0 хувийн хүүтэй 110.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохын 90 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлд, 20.0 тэрбумыг хүнсний ногооны үйлдвэрлэлдчиглүүлэх юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн барилга байгууламж болох зоорь, агуулах, үр тарианы үтрэм, өвлийн хүлэмж барих, услалтын ситем байгуулахад зориулан 232.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. Түүнчлэн техник, технологийн шинэчлэл хийх, механикжуулалтыг сайжруулах зорилгоор тухайн жилд худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 50 хувийг тариаланчдад буцаан олгох, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.
Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн 1.0 кг ястай махыг 10700 төгрөг, хонины ястай махыг 8600 төгрөг, ямааны ястай махыг 6400 төгрөгийн үнээр нийслэлийн есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлжээ.
Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдаа, борлуулалтын талаар Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ж.Батсуурь нар асуулт асуув.