Тойм: Засгийн газрын хувь заяаг парламентын гарт даатгав

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Хамтарсан Засгийн газрынхаа хувь заяаг парламентад даатгав-
Бага хурал “Танхимаасаа бусад намаа гаргаад, цаашид хэрхэхээ дотооддоо ярилцъя” гэсэн чиглэл гарсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үлдээд Засгийн газраа үргэлжлүүлэх үү. Яваад ирээдүйн улс төрөө бодох уу” гэдэг сонголтын өмнө тулж ирсэн.
Өнгөрч буй өдрүүдэд танхимаа авч үлдэх шийдвэр гаргасан нь тодорхой болов. Элэг бүсээ тайлаад, тахимаа шуудхан өгөөд явчхалгүй хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэх боломж дээр парламентын дэмжлэг авах чиглэл рүү орууллаа. Гүйцэтгэх засаглалын хувь заяа өдгөө парламентын 126 гишүүний гарт оччихоод байна.
УИХ-ын гишүүдийн ерөнхий байдлаас харахад Засгийн газраа хөмрөөд хаях ил санаа төдийлөн илэрхийлэхгүй “Хамтраад хийж байгаа ажлуудаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг байр суурьтай. Иймд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантайгаа учраа олоод, саналаа нэг бүрчлэн тоолж, нямбай ажиллаж чадвал хамтарсан Засгийн газар задраад явчихааргүй дүр зурагтай болсон юм.
Одоо УИХ дэгийнхээ дагуу хэлэлцэнэ. Хэрвээ итгэл үзүүлбэл Ерөнхий сайдын асуудлыг зургаан сар хөндөхгүй. Итгэл үзүүлэхгүй гэвэл Засгийн газар унана. Унавал 30 хоногт дараагийн Засгийн газар бүрдэнэ. Үндсэн хуулийнхаа дагуу ийм л үйл явц өрнөнө.
Тэсэж үлдээд юунд хүрэх үү, ямар зам туулах уу. Улстөрчийн ч, хувь хүний ч хувьд бодох агуулга.
-14 мега төсөл, баялгийн сангийн хувь заяа-
Илүү чухал анхаарал хандуулах асуудал бидэнд бий.
Хамтарсан Засгийн газар тарах, үргэлжлүүлэхээс 14 мега төсөл, баялгийн сангийн хувь заяа ихээхэн хамараалтай болж хувирав. Тэдний хамгийн том зорилт 14 мега төсөл байлаа. Хамгийн эхнийх нь гараанаасаа гарчихлаа. Хүүгийнх нь тансаглалын асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоо дахин нэг төмөр зам Эрдэнэбүрэнгийн УЦС гэхчлэн эрэмбэлсэн төслүүд хүлээгдэж байна.
Өмнөх парламентын үед Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатартай хамтраад баялгийн сангийн хуулиа УИХ-ын босго давуулж чадсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Би Баялгийн сангийн хууль дээр эсрэг байр суурь барьсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй шүү. Тэд олигархиудынхаа нам руу явж болно” гэж намынхандаа сануулж байлаа. Ингэснээр төрийн мөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордоос баялаг ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд улсад өртэй болж хувирсан. Баялаг ашиглагчидтай хэлэлцээр хийх, улсын хувийг олж ирэх үүрэгтэй Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан хүлээж буй. Хэрэв одоогийн Засгийн газар дэнжигнэвэл түүний хийж буй хэлцлүүд бүдгэрэх юм. “Баялгийн сан”-гаа цэгцэлнэ гээд улайрчихсан байсан Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ асуудлаар “дэгээ”-нд өлгөгдчихлөө. Хүүгийнхээ асуудлаар суудлаасаа бууж болох ч эхлүүлсэн ажил явах нь бол чухал байна.
Нэг хүн огцорч, нөгөө нь гарч ирдэг зовлон бий. Ер дараагийн Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад “Ухаа худаг”, “Төгрөг нуурын орд”, “Эрдэнэт”-ийн овоолго ашиглада үүсмэл ордууд, “Оюу толгойн” гэрээ сэлтээ бариад гүйгээсэй.
-Л.Гантөмөрийн огцом эргэлт-
Өнгөрөгч долоо хоногт амгийн их тэсрэлт хийсэн дүр нь АН-ын дарга Л.Гантөмөр байв.
Засгийн газрын хуралдааны өмнөх ба дараах түүний байр суурь эрс өөрчлөгдсөн. Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандаж, Ерөнхийлөгчид хатуухан үг дайж байсан. Гэвч Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ганцаарчлан уулзаж гарч ирээд намынхнаа “Засгийн газраас өөрсдөө гарах өргөдлөө өг” гэж хэмээн шахсан. Өөрөөр хэлбэр түүний бодол 360 хэм буюу огцом өөрчлөгдсөн. “Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч, эс үзүүлсэн ч АН Засгийн газарт үлдэхгүй” гэж уурссан юм.
Тиймээс АН-ын сайд нар огцрох өрөгдлөө бэлдээд Төрийн ордонд хэсэг бужигнацгааж байгаад парламентын түвшинд хэрхэн шийдэгдэхийн амьсгаа даран хүлээх болцгоов. АН-ынхан даваа гарагийн бүлгийн хурлаасаа эхлээд асуудалд нухацтай хандах цаг айсуй.