ХОМ: АН-ын нэр дэвшигчид ₮15 тэрбум, Иргэний Хөдөлгөөний Намынх ₮12 тэрбум, МАН-ынх ₮10 тэрбумын газартай гэж мэдүүлжээ

0

Улсын Их Хурал (УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс хэдэн төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Нэр дэвшигчдийн газрын нийт үнэлгээг гаргаж, нам тус бүрээр нь харьцуулж харууллаа. Үүнд АН-ын нэр дэвшигчид 15 тэрбум төгрөг, Иргэний Хөдөлгөөний Намын нэр дэвшигчид 12 тэрбум төгрөг, МАН-ын нэр дэвшигчид 10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газартайгаар сонгуульд оролцож буй бусад нам эвслийг тэргүүлж байна.

Мөн нэр дэвшигчдийн нийт газрын тоог нам, эвсэл тус бүрээр нь харах боломжтой. Жишээлбэл МАН-ын 84 нэр дэвшигч 193 газар, Иргэний Хөдөлгөөн Намын 83 нэр дэвшигч 183 газар, АН-ын 77 нэр дэвшигч 175 газартай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Түүнчлэн нэр дэвшигчдийн мэдүүлсэн газрыг эзэмших, ашиглах, өмчлөх зэргээр нь ангилж харж болно. 

Нийт 1,336 нэр дэвшигчдээс 500 саяас 3.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай 30 гаруй хүн байна. Тус 30 гаруй хүнийг бие даагч Ж.Ганбаатар 3.6 тэрбум төгрөгийн газартайгаар тэргүүллээ. Харин Ард Түмний Хүч Нам /АТХН/-аас нэр дэвшигч М.Самбууням 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газартай хэмээн мэдүүлснээр удаалав. 

Тэгвэл эхний 30 байранд Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас нэр дэвшиж буй тус бүр найман хүн багтсан байна. МАН-аас найман нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартайгаар тэргүүлжээ. 

Харин АН-аас нэр дэвшигчдийг дөрөвдүгээр тойрогт өрсөлдөж буй Х.Батсайхан хоёр тэрбум төгрөгийн газартайгаар тэргүүллээ. 

Түүнчлэн төрийн зарим өндөр албан тушаалтан огт газаргүй гэж мэдүүлжээ. Үүнд:

1Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /МАН/
2БХБ-ын сайд Ц.Даваасүрэн /МАН/
3Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд /МАН/
4ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо /МАН/
5УИХ-ын гишүүн Н.Ганибал /АН/
6УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн /МАН/
7ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр /МАН/
8УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг /МАН/
9Эрчим Хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/
10Шадар сайд С.Амарсайхан /МАН/
11БШУ-ны сайд Л.Энх-Амгалан /МАН/
12УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл /АН/
13УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан /МАН/
14УИХ-ын гишүүн Ш.Адьшаа /АН/
15УИХ-ын гишүүн Э.Батшугар /МАН/
16УИХ-ын гишүүн Г.Дамдинням /МАН/
17УИХ-ын гишүүн Т.Аубакир /МАН/
18УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан /МАН/
19Сангийн сайд Б.Жавхлан /МАН/
20УИХ-ын гишүүн М.Оюунчимэг /МАН/
21УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин /МАН/
22Сайд асан А.Ариунзаяа /МАН/
23Дэд сайд С.Зулпхар /МАН/
24УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн /МАН/ 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *