Боомтын гацааг арилгаснаар гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилт тогтоов

0

Монгол Улсын Засгийн газар улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хөгжлийu хязгаарлаж буй 6 багц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого” -ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 6 багц асуудлын нэг нь боомтын сэргэлт юм.

Монгол Улс нийт 39 боомт байгаагаас ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын 6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт  олон улсын нислэг хүлээж аваагүй, боомтын статусаар хараахан ажиллаж эхлээгүй байна. Монгол Улсын хоёр хөрш орнуудтайгаа хиллэх боомтын нөхцөл байдлыг авч үзвэл, Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явуулж байна.

Тиймээс боомтын тоо нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд хаалга бодитоор өснө. Тэр утгаараа ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэхэд Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд онцгойлон анхаарч ажилласан. Тодруулбал боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уяж байж Монгол Улсын хөгжил бодитой урагшилах юм.

Нийт 6 багц боомтын сэргэлтийн төсөл хөтөлбөрүүд батлагдсан. Үүнд төмөр замыг холбох, төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалуудыг байгуулах төслүүд багтана. Эдгээр төслүүдээс эхнээсээ амжилттай хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжран, аялал жуулчлалын салбарыг дэмжиж байна. Мөн эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн цаашид “Транзит улс” болох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна. Цаашид боомтын нэвтрүүлэх чадал 3 дахин нэмэгдэж, Үндэсний төмөр замын сүлжээ 2 дахин нэмэгдэнэ. Боомтыг холбосон 2,966 км авто зам барихаар төлөвлөөд байгаа аж.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт” бодлого нь зөвхөн боомтуудын хүчин чадлын тухай бус тээвэр ложистикийн асуудал юм. Монгол Улс цар тахалтай зэрэгцэн боомтуудын хүчин чадал, тээврийн бэрхшээлээс үүдэн нүүрсний экспортын 50 хувиа алдаж байсан үед Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг зарласнаас хойш байдал бас ч өөрчлөгджээ. Өнөөдөр Монгол Улсын нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь  Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрч байна. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан.

Монгол Улс 2023 оныг 70 сая тонн нүүрс экспортолсон түүхэн амжилтаар үдсэн. Нүүрсний экспортын 92 хувийг авто замын хилийн боомтоор, 8 хувийг төмөр замын боомтоор экспортолсон байна.Тухайлбал, Гашуунсухайт автозамын боомтоор 36,5 сая тонн, Шивээхүрэн боомтоор 19 сая тонн, Ханги боомтоор 5 сая тонн нүүрс тус тус экспортолжээ. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад экспорт 80 хувиар өссөн дүнтэй гарсан. Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилт юм.

Ингээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн зарим бүтээн байгуулалтуудаас онцлон хүргэж байна.

Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулав

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнгөрсөн 2023 оны тавдугаар сард эхэлсэн. Шивээхүрэн Монгол Улсын нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлсэн нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах талаар онцолж байв. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.

Гашуунсухайт нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ажиллаж эхлэв

Монгол Улсын ачаа тээврийн гол хөдөлгөгч хүч Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулсан. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж эхэлсэн юм. Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрч буй нүүрс экспортын хэмжээг өдөрт 200 мянган тонн, сард 5 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх, ингэхдээ өдөртөө 1500-гаас доошгүй нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэх шаардлага бий. Тиймээс хилийн боомтын нэвтрэлтийг сайжруулах, автомат удирдлагатай нүүрс тээврийн хэрэгсэл болох AGV үйл ажиллагааг 24 цагаар ажиллуулах шаардлага бий.

Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт эхлэв

 “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Ханги-Мандлын 226.9 км төмөр замыг найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусгасан. Тус төмөр зам Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр Монгол Улсын импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой юм.Ийнхүү Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, экспортыг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт амжилттай эхэлсэн билээ.

Бичигт боомтыг өргөтгөх ажил эхлэв

Сүхбаатар аймгийн Бичигт боомт далайд гарах хамгийн дөт зам. Тус боомт Замын-Үүдийн ачааллыг хуваалцах боломжтой бөгөөд 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Боомтод шинэ цогцолбор байгуулж эхэлсэн бөгөөд хуучин боомтоос 1.4 километрт байрладаг. Нийт 14 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээс эхлээд бусад төрийн байгууллагуудын байр, зорчигч болон ачаа тээврийн зам талбай бүгд шинээр хийж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, бүтээн байгуулалт өрнөж байна. Боомтын захиргааны үндэсний хорооноос шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар Зүүн хатавчийн боомтын түвшинд хүргэж, жишиг боомт болгоно гэж мэдээлсэн юм.

Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчлэв

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнгөрсөн 2023 онд 24 цагийн горимд шилжүүлсэн. “БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг арвандугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж ажилласан.Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь Эрээн болно” гэдгийг нээлтийн үеэр Боомтын сайд онцолж байв.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал, хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурчээ. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэх юм. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн гол ажлын нэг бол Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн явдал юм.

Алтанбулаг боомтын томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэв

Одоогоос 21 жилийн өмнө байгуулсан, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомтоор 2019 онд өдөрт 500-700 автомашин, 5000-7000 хүн дамжин өнгөрдөг байсан бол 2023 оны байдлаар тус боомтоор өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрч байв. Шинэ  сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Алтанбулаг боомтыг олон улсын жигшигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэв. Үүний үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжтой болжээ. Алтанбулаг боомтын тухайд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулах ажил үргэлжилж байна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Боршоо боомтыг өргөтгөн шинэчлэв

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “RIBS” хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд “Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, энэ хүрээнд нийт 4680 м2 талбайг шинээр барилгажуулан ашиглалтад оруулав. Тус боомтын өргөтгөл ашиглалтад орсноор, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин хүчин чадал нь нэмэгджээ.Дашрамд дурдахад, Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсан байна.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Экспортын төмөр замуудын тухайд

Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж байна.

Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км, Алтай-Бургастай чиглэлийн 320 км, Нөмрөг сумыг-Арцсуурь чиглэлийн хилийн боомтыг холбох 159.5 км, Хатгал-Ханх чиглэлийн 180 км, Баянхошуу хилийн боомт чиглэлийн 198.2 км, Сүмбэр хилийн боомт хүртэлх 152.06 км, Бага-Илэнх хилийн боомт хүртэлх 131.27 км, Тэс хилийн боомт хүртэлх 220 км, Өлгий-Даян чиглэлийн 185 км, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам 987.5 км холбох ажлыг хийх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *