ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ: 2022 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр 100-аас дээш хувиар биелүүлсэн
Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб энэ удаагийн орон нутгийн томилолтоороо Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, катодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” ХХК болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ИТХ, Засаг даргатай уулзалт хийлээ.
Өдгөө 45 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь орон нутгийн төсөвт 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 654.9 тэрбум төгрөг, 2019 онд 961.7 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд төгрөг, 2021 онд 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.
Мөн 2022 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр нь 100-аас дээш хувиар биелүүлэн, 33.6 сая тонн хүдэр боловсруулан, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийж, орон нутгийн төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэнд тэмдэглэгдэх өндөр үзүүлэлт болсныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Г.Ёндон сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэмдэглэж байв.
Тус үйлдвэр нь ирээдүй рүү чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх зорилгоор 2021 оныг “Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил-Их бүтээн байгуулалтын шинэ үеийн эхлэлийн жил” болгон зарласан юм. Тухайн онд төлөвлөсөн үйлдвэрлэл-эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнээ давуулан биелүүлжээ.
2022 оныг “Их бүтээн байгуулалтын шинэ үеийн эхлэлийн жил” болгон зарлаж, сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр үзүүлэлт буюу 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа аж.
Тухайлбал, 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор техник, технологийн шинэчлэл хийх, хүчин чадлыг өсгөхөөр:
Хүдрийн нөөц, баялгийг нэмэгдүүлэх:
-Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх
-Баяжуулах үйлдвэрийн техник, технологийн шинэчлэл хийх
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх:
-Засвар механикийн заводыг өргөтгөх, шинэчлэх
-Исэлдсэн болон ядуу агуулгатай зэсийн хүдрийг уусган боловсруулж (SX/EW), цэвэр зэс үйлдвэрлэх
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төсөл болон Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах барилга, байгууламжийг өргөтгөж, 3-р шугам хоолойг шинээр барих Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байна.
Сэтгүүлчдийн багийн танилцах аяллын сонирхолтой хэсэг Ойн генетик нөөцийн төв дээр үргэлжилсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” хамгийн түрүүнд нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тус үйлдвэр нь мод тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байгааг үйлдвэрийн удирдлагууд онцолж байсан. Энэ хүрээнд 1000 тонны хүчин чадалтай модны үрийн биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа юм.
Монгол Улсын түүхэнд анх удаа байгуулагдаж буй ойн генетик нөөцийн төв бөгөөд 940 тоннын багтаамжтай үрийн боловсруулалт, сортлолт, урт болон богино хугацааны хадгалалт хийх бүрэн боломжтой цогцолбор хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн захирал, доктор Я.Ариунзул онцолж байлаа.
Сэтгүүлчдийн сурвалжлах баг мөн 1997 оноос катодын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлсэн “Эрдмин” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сэтгүүлчид Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, ирээдүйн зорилтын талаар тодорхой мэдээллийг авсан юм.
“ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ“ томилолтын тойм сурвалжилгыг уншигчиддаа сониноороо хүргэх болно.