ЗАВХАН: Үерт өртсөн 177 хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийж тусламж үзүүлэв
Улиастайд үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна.
Үерт Улиастай сумын 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байранд байрлуулаад байна.
Үерийн хор уршгийг арилгах ажилд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 гаруй ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м.кв талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж, үерийн даланг сэргээн засах ажлыг хийж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засах ажлыг зохион байгуулсан. Үерийн хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үргэлжилж байна.
Мөн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд гэр бүлийн эрхийг хангах, үерт автсан 73 өрхийн 255 иргэн, 117 хүүхдэд эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийж, хүүхэд, гэр бүлд шаардлагатай байгаа үйлчилгээ, мэдээллийг цуглуулан ажиллаж байна.
Үнэлгээний дүнд хүүхэд, гэр бүлд нэн шаардлагатай тусламж, дэмжлэг хамгааллын хариу үйлчилгээг үзүүллээ.
Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.