Японд стрептококкийн нянгийн халдварын тохиолдол 1000 давжээ
Японд 2024 онд стрептококкийн хорт шокын хам шинж (STSS)-ийн тохиолдол 1000 давсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID) зургадугаар сарын 18-нд мэдээлжээ. Зургаадугаар сарын 9-ний байдлаар, энэ он гарснаас хойш улсын хэмжээнд өвчлөлийн урьдчилсан тоо 1019-д хүрсэн нь нянгийн гаралтай энэхүү хүнд халдварын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Стрептококкийн хүнд халдвар гэж нэрлэгддэг STSS нь ихэвчлэн “А бүлгийн стрептококк” -ын улмаас үүсдэг өвчин юм. Эхний шинж тэмдгүүд нь ихэвчлэн хоолой өвдөх, халуурах, хоолны дуршил буурах, гүйлгэх, бөөлжих, ходоод гэдэсний замын бусад асуудлууд, түүнчлэн цусны даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хэрэв цаг алдалгүй эмчлэхгүй бол зөөлөн эдийн гэмтэл, амьсгалын дутагдал, элэгний дутагдал, бөөрний дутагдал, олон эрхтэний дутагдалд хүрч нас барах магадлалтай байдаг бөгөөд нас баралт 30 гаруй хувьтай байдаг. Өвчний тархалт буюу махан идэшт нянгийн халдварын тархалт энэ жил илт хурдацтай тархаж байна. Зургаадугаар сарын 2 гэхэд нийт 977 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн нийт 941 тохиолдлоос давсан байна. NIID-ийн зургаадугаар сарын 3- 9-ний өдрийг хүртэлх халдварт өвчний чиг хандлагын талаарх долоо хоног тутмын тайланд энэ онд Токио хотод 150 тохиолдол бүртгэгдсэн бол хамгийн олон тохиолдол Айчи, Сайтама мужид бүртгэгдээд байна. STSS нь голчлон хамар, хоолойн салст бүрхэвчээс дуслаар дамждаг ба шархаар дамжин халдварладаг. Энэ нянгийн халдварын анхны шинж тэмдгүүд нь өвчин хурдан даамжирч байгаа тул ханиад гэж андуурдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
.https://www.straitstimes.com/asia/japan-reports-record-spike-in-flesh-eating-bacterial-infections