БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайдыг томилох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ

Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
13 цаг 38 минут
2025.06.12
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 19 гишүүний 17 нь дэмжлээ.

12 цаг 49 минут
2025.06.12
Ж.Баярмаа, Төрийн албанд дарга сэтэртэй 20 мянга орчим хүн байна. Төрийн албыг цомхон болгох, төрд байгаа асар их хөрөнгүүдийг зарж үрэх дорвитой өөрчлөлтүүдийг хийх үү? Монгол Улс сонгуультай авторитар дэглэмд орсныг та хүлээн зөвшөөрөх үү? Хувь хүний албан татварыг 1 хувь болгох 100 мянган иргэний санал авсан асуудлыг Та дэмжих үү?

Г.Занданшатар, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг нам хэт давамгайлсан биш, олон намын оролцоог хангасан Парламентыг байгуулсан. Жендерийн тэгш байдал хангагдаж УИХ дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 35 хувьд хүрч, ард түмний төлөөлөх чадвар сайжирсан.
Өмч хувьчлал хийх зэргээр төрийн өмчит компаниудын тоог 2 дахин бууруулна. Төрийн албыг цомхон чадварлаг болгоход технологийн дэвшлийг ашиглана. 100 мянга бол тэнгэрээс гаргасан тоо биш. Зөвхөн иргэдийн саналаас гадна шинжлэх ухааны үндэслэл, бодлоготойгоо уялдуулан шийдвэр гаргана.
12 цаг 31 минут
2025.06.12
Хуралдаан 12.00 цагийн орчимд эхэлж, гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч эхэллээ.
Н.Номтойбаяр, Монгол төрийн Ерөнхий сайдыг томилох саналыг МАН-ын бага хурлаас гаргасан. Бага хурлын гишүүдийн гар утсыг хураасан. Удирдах зөвлөлдөө сонголтгүйгээр нэг хүний нэрийг оруулсан. Энэ нь ардчилсан, ил тод байх зарчимд нийцэхгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэж хэлсэн. Та дэмжлэг авсан гэсэн үг үү?

Г.Занданшатар, 2019, 2023 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хангахын төлөө нэр дэвшиж байна. Гадаад улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед намын нөхдийн үзүүлсэн итгэлээс хойш суугаагүй. Би намын дарга, удирдлага биш учир би бага хурлыг төлөөлж хариулах боломжгүй.
Гадаад нөхцөл хүйтэрч байхад дотооддоо бид дулаан байх ёстой. Эвдрэхдээ бид хуваахын хүрд байсан, эвлэхдээ бид үржүүлэхийн хүрд байсан.
Э.Болормаа, Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ Та бусад жижиг намуудтай хамтрах уу? Энэ асуудлаар намын удирдлагын түвшинд ярилцсан уу?
Г.Занданшатар, Одоо бид урагшаа харж ажиллах ёстой. Оюун-Эрдэнийн засгийн газар хангалттай сайн ажиллаж, олон мега төслүүдийг эхлүүлж, үр дүнтэй ажилласан гэж хувь хүний хувьд дүгнэж байна.
Би Ерөнхий сайдаар томилогдоогүй байна. Томилогдвол бусад намуудтай нэгдэж, хамтарч ажиллана.
10 цаг 51 минут
2025.06.12
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F891966406456000%2F&show_text=false&width=560&t=0
09 цаг 48 минут
2025.06.12
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.
Тус байнгын хорооны хуралдааны өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд орж, бүлгийн гишүүдийн асуултад хариулт өглөө.
Эх сурвалж:gogo.mn