ЦЕГ: 2 хүний аминд хүрсэн этгээдийг сатуулан, шалгаж байна
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсантай холбоотой мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 21-ны 07:10 минутад Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинэжилгээний ерөнхий газар, Хан-Уул, СБД-ийн цагдаагийн газар, тус дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт шалгалт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Б нь СБД-ийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй, Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэйг хөнөөсөн нь тогтоогдсон учраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иргэн Д-д холбогдуулан яллагдагчаар татаж, хорьсон. Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Гэмт хэрэгт холбогдогч ямар санаа зорилготойгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн, өөр нуугдмал гэмт хэрэг байгаа эсэхийг үргэлжлүүлэн ажлын хэсэг шалгана.
Онцлоход, хэргийн талаар цахим орчинд буруу ташаа мэдээлэл явж байгаа учраас иргэд, олон нийт хуулийн байгууллагаас өгсөн мэдээлэл үнэн бодит гэдгийг ойлгохыг хуулийн байгууллагаас анхаарууллаа.