Шинэ нэгдсэн эвслийн сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

0

Эрхэм хүндэт сонгогчид оо!

“Шинэ нэгдсэн эвсэл”-ийн гишүүд, дэмжигчид ээ!

Нар хур тэгширсэн зуны дэлгэр цаг дор Шинэ нэгдсэн эвслийн сонгуулийн сурталчилгааны ажил амжилттай өндөрлөж байна. Бид бууриа зассан цагаасаа эхлэн нийгмийн шинэчлэлийн төлөө эрдэмтэн мэргэд, судлаачдынхаа оюун санааны охийг дээжлэн бодлого боловсруулж, үүнийгээ нийгэмд хүргэж ирлээ.

Тиймээс Шинэ нэгдсэн эвсэл энэ удаагийн сонгуульд эрдэмтдийнхээ боловсруулсан “18 шинэ хувьсгал” болон “Мөнгөний бодлого”-ыг  хэрэгжүүлэх салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 37 нэр дэвшигчийг жагсаалтад, 53 нэр дэвшигчийг тойрогт илгээлээ. Нэр дэвшигчид дунд хуульч, эрхзүйч 20, инженер 20, багш 17, эдийн засагч 12, эмч долоо, малчдын төлөөлөл хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гурав байгаа бөгөөд ниймийг бүлгүүдийн тэгш оролцоог хангаж өглөө. Парламент өөрөө иргэдийн төлөөллийн байгууллага учраас салбар салбараас төлөөлөл байх ёстой. Ингэснээр парламент нь төлөөллийн үүргээ гүйцэтгэнэ гэж үзсэнийх билээ. Алдарт хоньчин Ц.Намхайнямбуугаас хойш малчдын төлөөлөл парламентад орж ирэх бүү хэл аль ч нам эвсэл малчдын төлөөллөөс нэр дэвшүүлж байгаагүй билээ.

Үүнээс гадна манай нэр дэвшигчдийн дунд гурван шинжлэх ухааны доктор, зургаан профессор, 12 доктор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэг, Монгол Улсын гавьяат цолтон зургаа байгаа нь манай эвслийн нийгэмд эзлэх байр суурийг илтгэнэ.

Хоёрхон хоногийн дараа дөрвөн жил энэ нийгмийг удирдан залах хүмүүс тодорно.  Шинэ нэгдсэн эвслээс олон хүн ялалт байгуулж, шинэ бодлоготойгоо шинэ нийгэм байгуулахад оюун ухаан, мэдлэг чадвараа зориулна гэдэгт итгэж байна.

Монголын ард түмэн маань том түрийвчтэй нөхдийн “мөнгөний зодоон”-ыг бодлогын сонголт болгон өөрчилж чадна гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ эрүүл энх, элэг бүтэн, элбэг дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ”-ийн тэргүүн Ц.ГАНТУЛГА

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *