Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер шороонд дарагдаж амиа алджээ
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт “Бор-Өндөр”-ийн жоншны орд газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон байдаг. Тэдний уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, геологийн суурь судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Автофорд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер нь шороонд дарагдаж амиа алджээ.
“Ухсан нүхэнд эрэгтэй хүн шороонд дарагдсан” гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цагдаа, онцгой байдлын байгууллагад ирсний дагуу шалгахад дээрх компанийн инженер, 43 настай Б жоншны уурхайн талбайд ухсан гурван метр орчим гүн нүхэнд шороонд дарагдсан байж. Тэрбээр жорлонгийн нүхийг доторлож байсан хэмээн орон нутгийн эх сурвалжууд өгүүлсэн юм.
Уг нь ХНХЯ болон холбогдох бусад байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр уул уурхай, барилга, тээвэр, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд санамж, сэрэмжлүүлэг хүргэдэг ч хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж осол, гэмтэл гарсаар буй аж.
Ташрамд дурдахад, 2023 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдсэний 103 нь уул уурхай, олборлолтын, 41 нь тээвэр болон агуулахын, 39 нь боловсруулах үйлдвэрлэл, 28 нь барилгын салбарт байжээ.