Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна
“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ.
Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан байдлаар сонгуульд ямар хэмжээний зардал гарч, орлого орсныг явцын зардлыг тайлангаас харж болно.
747 нэр дэвшигчийн зардлыг харахад 76 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Энэ нь хандив болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэтчилэн хуульд заасан эх үүсвэртэй.
Нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайлангаас харахад энэ удаагийн сонгуульд 66 тэрбум зарцуулагдсан.
Гэхдээ нам, эвслийн зардлын дансанд 87 тэрбум байна” гэв.
Явцын тайлантай холбоотой дүгнэлт:
- Явцын тайланд орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Нэр дэвшигчид ёс төдий тайлагнаж, наад захын нийлбэрийг хангаагүй, үлдэгдэл тодорхойгүй байх тохиолдол нэлээд гарлаа.
- Нэр дэвшигч, нам эвслийн орлогоос илүү зарлага нь өндөр байлаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч, нам эвсэл өртэй үлдэж байна. Тухайлбал Иргэний Хөдөлгөөний Нам 640 сая төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Гэтэл дансанд нь 7.3 сая төгрөг байна. Тэгэхээр энэ нам 600 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна.
- Орлого нь өндөр байгаа ч хуульд заагаагүй хандив буюу буцаах шаардлагатай хандив гэсэн дүн маш өндөр байгаа. Нийт нэр дэвшигчийн хувьд 8.7 тэрбум төгрөгийг буцаасан. Нам эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хандивыг буцаасан байна.
- Цаашид нам эвсэл, нэр дэвшигч өөрийнхөө дансанд хандив авсан мөртлөө зарцуулахгүй үлдэж байгаа их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй бол хандив аваад цаашид яах зохицуулалт ойлгомжгүй байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нэмж хэллээ.
Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын сайтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаа. Тэдгээр нэр дэвшигчээс 187 нь зардлын явцын тайлангаа тайлагнаагүй.
Тайлангаа ирүүлсэн 700 гаруй хүний мэдээллийг доторх агуулгаар нь харвал зардлын тайлангийн иж бүрдлийг бүрэн хангаагүй буюу гараар тэмдэглэх зэргээр мэдээллээ ёс төдий илгээсэн тохиолдлууд байна.
Нийт 787 нэр дэвшигчийн хандивын дансыг бүртгэж авсан тухайгаа Үндэсний аудитаас мэдээлсэн. Үүнээс ч олон нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлэлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.