Х.Баттулга сайд болохгүй гэж ам гарав
УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга ” Улс төрд ороод 20 жил боллоо. Миний хийхийг зорьж байсан ажлын 80 хувь нь биелээгүй байна. Тиймээс аж үйлдвэржсэн улс орон болох, газрын доорх баялгаа үнэ цэнтэй болгох зорилготой ажиллана. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Цаашид улс орноо хөгжүүлье гэвэл хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн учраас ямар нэгэн байдлаар Засгийн газарт орж сайд болохгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
Түүний “Би сайд болохгүй” гэсэн үгэнд олон нийт эргэлзэж байгаа гэдгээ цахим орчинд илэрхийлсээр байна. Учир нь сонгуулийн өмнө “Ардчилсан намаас нэр дэвшихгүй. Энэ удаа залуучууддаа боломж олгоно” гэж хэлсэн түүний шүлс хатаж амжаагүй байхад тус намаас нэр дэвшиж ийнхүү гишүүн болсон нь иргэд олон нийтийг эргэлзэхэд хүргээд байгаа юм.
Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож байгаа нь Х.Баттулга. Тийм учраас УИХ-ын сул гишүүн байхыг Х.Баттулга хүсэхгүй л болов уу. Харин хэлсэн амнаасаа хэд хоногийн дараа буцаж аль нэг яамыг толгойлох эсэхийг тун удахгүй хийгдэх намуудын тохиролцооны ажлын хэсгүүд шийдэх юм.