ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хууль санаачлагчийн танилцуулж, гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзэв.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: Ubn.mn