Шинэ Засгийн газарт хэн сайдын суудлаа ХАДГАЛЖ ҮЛДЭХ вэ

0

Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал хүлээлтэд орчихлоо. Хэдийгээр УИХ-ын анхдугаар чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцдэг хуультай ч өчигдөр амжсангүй. УИХ-ын шинэ 126 гишүүн тангараг өргөж, спикерээр Д.Амарбаясгаланг сонголоо.

Харин одоо Үндэсний их баяр наадмаас өмнө эрх баригч нам Засгийн газрын бүтцийг эцэслэн зурах ёстой болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Казахстан улсын Астана хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа тул энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хэмжээнд асуудлыг хэлэлцэж амжихгүй чигтэй. Гэхдээ МАН-ын УЗ хуралдаж, нэрсийг эцэслэн бэлтгэнэ.

Энэ дагуу өнөөдөр МАН-ын УЗ хуралдана гэдэг мэдээлэл байна.

Ерөөс шинэ Засгийн газрыг АН, ХҮН-тай хамтарсан байдлаар шийдэх ч бай, үгүй ч бай, хуучин суудлаа авч үлдэх сайд нар хэн хэн байх нь анхаарал татах юм.

Энэ хүрээнд хэд хэдэн сайд суудалдаа үлдэх чигтэй байгаа юм. Тэдний дийлэнхийг Ерөнхийлөгчийн хүмүүс бүрдүүлнэ.

Б.Батцэцэг, Б.Жавхлан, Б.Бат-Эрдэнэ нарыг үлдээх магадлал хамгийн өндөр

Тэргүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Цар тахал, Орос-Украины дайны эвгүй үед ажиллаж таарсан. Ажиллахдаа гал алдаагүй нь үнэн. Дээр нь тэр Ерөнхийлөгчийн хүн. Ерөнхийлөгч өөрөө гадаад бодлогын гол тоглогч болдог статус. Иймд энэ чиглэлд Б.Батцэцэгтэй үргэлжлүүлэн, тогтвортой ажиллах хүсэлтэй байгаа. Цаашид ч геополитикийн шинэ сорилтууд ирж байна.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхланг хэвээр үлдээх магадлал өндөр яригдаж байна. Тэр мөн Б.Батцэцэгийн адил хүнд үед ажлаа авсан. Ер нь цар тахлын үеийн эдийн засаг дахь нөлөөг саармагжуулах, эргээд хөл дээр нь босгох гэдэг аль ч улс оронд сорилт болж буусан.

Манайд эдийн засаг хүндэрсэн үү, хүндэрсэн. Гэхдээ олон орон шиг тартагтаа тулж, яадгаа алдаагүй, тогтмол хувиар эдийн засгийг өсгөсөн нь Б.Жавхланд үнэлгээ өгөх томоохон үзүүлэлт.

Мөн Б.Жавхлангийн үед бондын эргэн төлөлт дээр хүндрэл гараагүй. Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай, Самурай бондуудыг бүрэн төлж барагдуулсан. Ер энэ хугацаанд нийтдээ 13.3 их наядын гадаад өр төлөгдсөн. Хүнд үед ийм хэмжээний амжилт гаргаж, эдийн засгийг “манаж” чадсан тул одоо ажлаа мэднэ. Цаашдын цаг үед төсвийн орлогыг нэмэх, оновчтой хуваарилах чиглэлд илүү суурьтай, бодитой ажиллана гэсэн хүлээлттэй.

Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайдаар үлдэх өндөр шанстай. Тэр хамгийн ажилсаг сайд нарын нэг байв. Аялал жуулчлалын чиглэлд урьд хожид үзэгдээгүй тоонууд мэдээлэгдлээ. Гадаадаас жуулчид татах, инфлүүсэрүүдтэй хамтарч ажиллах, дэлхийд Монголыг сурталчлах чиглэлд хурдтай ажиллав. Монголын ондоошил, ялгарлын онцлогийг аялал жуулчлал, бизнесийн бүтээгдэхүүн болгох алхмыг эхлүүлсэн. Агаарын тээврийн салбарт ч тэр өөрөө мэдлэгтэй. Иймээс эхэлсэн олон суурь ажил нь тогтвортой үргэлжилбэл өгөөжтэй байх сайд юм.

Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан улирах магадлалтай

Харин ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, БШУ-ны сайдаар Л.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах магадлал жин дарж байна. ХЗДХ бодлогын, хамгийн гол яам. Х.Нямбаатарын дараа сайд болгосон итгэлийг тэр бүр алдсангүй. Л.Энх-Амгалангийн үед Боловсролын тухай багц хууль батлагдаж, суурь ажлууд бодитой урагшилсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хойд бүсэд уулзалт хийж явахдаа түүнийг сонгуульд ялалт байгуулбал сайдаар нь улираана гэж мэдэгдэж байв.

Ил түвшинд Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нарын УИХ дахь АН-ын төлөөлөл хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байгаа ч том зургаараа тэд хэдийнэ тохироонд хүрсэн. АН дахь хамгийн том хүч Х.Баттулга гэхэд хамтарсан Засгийн газрыг дэмжиж буйгаа өчигдөр илэрхийлчихлээ. Т.Доржхандын өнгөрсөн дөрвөн жилд ажилласан намтар бөгөөд паянг харвал тэр хамтарсан засагт сайд болохоос татгалзахгүй нь үнэн юм.

Ийм нөхцөлд Засгийн газрыг нэгдмэл ажиллуулахын тулд фракцуудын төлөөллүүдийг тэнцвэржүүлэх ёстой. Гол багана болсон сайд нар үлдэх ёстой. Энэ ч шаардлагыг дээр дурдсан хүмүүс хангаж буй гэх мэдээлэл бий.

Ч.Номин ЗГХЭГ-ын дарга болохоор “чичирчээ”

Харин ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилох чигтэй. Соёлын сайд Ч.Номин УЗ-ийн хурлаар энэ суудалд суух хүсэлтэйгээ илэрхийлжээ. Гэвч хүлээж аваагүй байна. Угтаа ЗГХЭГ бол орон нутаг дахь шууд удирдлагын байгууллагуудын толгой нь. Төрийн албаны туршлагатай, орон нутгийн асуудлыг мэддэг хүн ЗГХЭГ-ыг базах ёстой. Ч.Номинг хувийн хэвшлээс урьж, сайд болгосон. Бас хүссэнээр нь мандат олгож, УИХ-д дэвшүүлсэн. Харин одоо дахиад ЗГХЭГ гэдэг Ерөнхий сайдын дэргэдэх том гал тогоонд санаархсан нь тохиромжгүй буужээ.

Х.Булгантуяад дахиж сайдын суудал өгөхгүй

Түүнчлэн ХНХ-ын сайдаар Х.Булгантуяаг үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэдэг дээр үндсэндээ тохирчээ. Тэр өнгөрсөн хугацаанд Боомтын сайд ч болж үзсэн. Ерөнхий сайдын баг болж, хурдтай, идэвхтэй, мэдрэг ажиллаж чадаагүй. Иймд энэ удаа сайдын албан тушаалд итгэж суулгахгүй байх магадлал өндөр байна. Харин УИХ-ын дэд дарга болгож магадгүй аж.

С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга болох, эсвэл ЗТХ-ийн сайдаараа үлдэх хүсэлтэй

Мэдээж түүний дараа МАН-ын дотоод томоохон албан тушаалын томилгоо анхаарал татаж үлдэнэ. Жишээлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болчихлоо. Түүний оронд ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг томилох чигтэй. Харин ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохоор яригдаж байсан нь бодит болж, тэр ажлаа авчээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дээр С.Бямбацогт хүчтэй хэлэлцэгдсээр байна. Нам доторх үеийн болон үзэл санааны шинэчлэл С.Бямбацогттой зөрчилдөх нь үнэн юм. Гэхдээ сонгогчдын итгэлийг хүлээсэн байдал (Хамгийн олон санал авсан), яг ажлаа сайтар хийдэг, бүтээдэг шинж чанар нь авууштай. С.Бямбацогтын хувьд нэг бол ЗТХ-ийн сайдаараа үлдэх, эсвэл МАН-ын бүлгийн дарга болох хүсэлтэй байгаа аж.

Өдгөө хамтарсан Засгийн газар байгуулах эсэхийг ажлын хэсэг байгуулж, шийдэхээр болоод буй. Түүнээс өмнө МАН-ын УЗ хуралдаж, бүтцээ ерөнхий байдлаар зурахдаа дээрх хүмүүсийг юуны өмнө “зоож” авах нь тодорхой бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *