Хөшигний ард: Л.Гантөмөрийг он дуустал жинхэлж, Б.Жаргалан, С.Одонтуяа нар сайдын суудал нэхжээ
Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр /2024.07.07/ цахимаар зохион байгуулагдав.
Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүн, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтрах эсэх, Л.Гантөмөрт итгэл үзүүлэх эсэх гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна.
- Нэгт, МАН-ын тавьсан саналын дагуу Засгийн газарт орж, хамтран ажиллахыг дэмжив. ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийлсэн аж.
- Хоёрт, нийт гишүүдийн 90%-ийн саналаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилсон гэж тус намаас мэдээлсэн. Гэвч түүнийг он дуустал даргын суудалд нь байлгахаар тохирцгоожээ. Учир тус намын дүрэмд олонх болж намаа ялалтад хүргэж чадаагүй бол дарга нь огцрох заалт бий. Дүрмээрээ дарга нар нь ажлаа өгөх үндэслэл бүрдчихсэн. Энэ удаад АН олонх болж чадаагүй, харин суудлаа ахиулсан. Тэгэхээр он гартал түр жинхэлж, оны дараа даргын асуудлаа дахин хөндөхөөр болжээ.
- Гуравт, хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа мөрийн хөтөлбөрөөсөө алийг нь чухалчлан хэрэгжүүлэх вэ гэх асуудал хөндөгджээ. Үүнийг эрх баригчидтай цаашид ч хэлэлцэж, тохиролцох түвшинд хүрэх юм. Харин ҮБХ-ны хурлаар Засгийн газрын бүтэц болон сайд нарын тооны асуудал хэлэлцээгүй байна. Үүнийгээ Улс төрийн зөвлөлийн түвшинд шийднэ хэмээн хүлээлгэж буй аж. “Төрийн ордны хуйвалдаанаар түрүүлээд тохиролцоонд хүрчхээгүй бол энэ тухай асуудал яригдаагүй” хэмээн ҮБХ-ны зарим гишүүд хэлж буй юм.
Тэгэхээр эхний ээлжинд эвслийн Засгийн газарт хамтрах намууд мөрийн хөтөлбөрүүдээ хэлэлцэж, дараа нь бүтэц, сүүлд нь бүрэлдэхүүнээ тохиролцох процесс өрнөх учиртай. Ямартай ч, эрх баригчидтай эвсэхээр зөвшөөрсөн АН, ХҮН намын дарга нар өөрсдөө сайдын суудалд суух нь тодорхой болчихсон.
Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас урьтаад АН-ын дотоодод сайдын суудлын төлөөх марафон ид өрнөж, хэд хэдэн үйл явдал өрнөжээ.
Тухайлбал, УИХ-ын Б.Жаргалан, С.Одонтуяа тэргүүтэй эмэгтэйчүүд “АН-ын хоёр эмэгтэйд сайдын суудал авч өг” гэх шахалтыг намын даргадаа үзүүлжээ. Энэ тухайгаа албан бичгээр хандаж, илэрхийлсэн гэх мэдээлэл ч байна. Гэтэл тэднийг “Бор дээлт” Г.Болормаа, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан, Г.Ууганцэцэг нарын эмэгтэйчүүд эсэргүүцэж “Тойрог, жагсаалтаа булаалгасан хүмүүсээ оруул” хэмээх маргаан өрнөсөн байна. Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон З.Нарантуяа сайдын суудалд суух лобби хийж буй гэх мэдээлэл улс төрийн хөшигний ард явж буй юм.