Зэсийн үнийг тонн нь 12 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна
Дэлхийд зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээ сайжруулах нэмэлт санаачилга дэвшүүлэх өндөр хүлээлттэй байгаа нь зах зээлд зэсийн үнэ эргэн сэргэх өөдрөг төсөөлөл бий болгоод байна. Тухайлбал: БНХАУ дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбар болон цахилгаан сүлжээнд чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүд авах болсон нь зэсийн үнийг ойрын хугацаанд дэмжинэ гэж “Citigroup” таамаглажээ. Мөн сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ буурахад дэлхийн үйлдвэрийн салбарын үзүүлэлт сул гарсан нь гол нөлөө үзүүлснийг тус банк онцолж, түр зуурын үзэгдэл гэж тайлбарлаж байна. Зургаадугаар сард зэсийн эрэлт бага зэрэг суларсан ч оны эхний хагаст зэсийн хэрэглээ өнгөрсөн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөнийг тодотголоо. Урт хугацаандаа голлох улс орнууд бодлогын хүүгээ бууруулснаар зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар хүрнэ гэж “Citigroup” таамаглаад байгаа аж. АНУ-д инфляц саарах чиглэлд байгаа тухай Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногийн эхэнд мэдэгдсэн нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх хүлээлт үүсгээд байгаа юм.