Ч.Ариунаа: Ширээ хоорондын зайг хэт ойрхон байрлуулснаас сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдээгүй
Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилгоор хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн, өмнөх сонгуулиудаар гарч байсан зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан талаар Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт Ч.Ариунаа өнөөдөр /2024.07.08/ мэдээлэл өглөө.
Тэрээр мэдээллийн эхэнд улс төрийн 22 намын төлөөлөлд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруулахдаа хүний эрхийн асуудалд анхаарах, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, уул, уурхай, эрдэс баялгийн болон ачаа тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээлэл, олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөлд зөвлөмж өгч ажилласан талаар танилцуулав.
Улмаар ХЭҮК-оос 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа, санал авах байр орчин нөхцөлд дүн шинжилгээний хийсэн дүгнэлтийг тоймлон хүргэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй 333, зөрчлийн шинжтэй 502 нийт 835 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 657 гомдол, мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн, 176 гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас Комисст ирүүлсэн байна.
Улсын хэмжээд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдний 82,000 гаруй нь сонгуулийн насных байгаа нь нийт сонгогчдын 7 орчим хувийг эзэлж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаанаас харахад, иргэдийн 14-16 хувь нь сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгний тусламж дэмжлэгийг авах шаардлагатай болдог, санал авах байр хол, хүртээмжгүй байдлаас үүдэн сонгуульд оролцоогүй болохоо илэрхийлжээ.
Үүнээс үзэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд санал авах байрыг хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах хэрэгцээ шаардлага их байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 аймгийн 56, Нийслэлийн 9 дүүргийн 21, нийт 77 хэсгийн хорооны санал авах байрны зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй эсэх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны явцад мониторинг хийж ажиллахад дараах зөрчил нийтлэг гарсан.
Үүнд
- Сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцах дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй хүн 2 санал авах байранд байсан. Санал авах байранд ажиллаж байгаа ажлын хэсгийн ажилчид сонсголын бэрхшээлтэй сонгогчтой хэрхэн харилцах талаар мэдээлэлгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй, мэдээллийн самбарыг ойлгомжтой, хүртээмжтэй байршуулаагүй, бүхээгт тэмдэглэгээ байршуулаагүй, түүнд түгээмэл хэрэглэх үг яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслээгүй, гэрэлтүүлэг муутай байсан.
- Нийт 75 санал авах байрны 55 буюу 73 хувь нь 1 давхарт, 20 буюу 26 хувь нь 2, 3 болон B1 давхарт байрлаж байсан. Аймаг орон нутаг дахь санал авах байрууд гол төлөв 1 давхарт байрлаж байсан бол нийслэл дэх санал авах байрууд В1, 2, 3 давхарт байрласан. Мөн 1 давхрын орц гарц 3-аас дээш шаттай байсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан нэвтрэх боломжийг бүрдүүлээгүй гэж үзсэн. Түүнчлэн Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Баянзүрх дүүрэг дэх санал авах 20 байрны 95 хувь нь орц гарцын хувьд саадтай, хүртээмжгүй гэж дүгнэсэн.
- Санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байрласны улмаас сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдээгүй.
- Зарим хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа санал авах бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхийг орхигдуулсан.
- Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар хэсгийн хорооны гишүүд болон ажиглалт хийх 9 хүний бүрэлдэхүүн айлд орж байсан нь бага насны хүүхэд, хэвтрийн хүнд өвчтэй өрхийн гишүүдэд хүндрэл учруулсан, гутлын улавч өмсөөгүй, маск зүүгээгүй нь өрхийн гишүүдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс 2024 оны 10 дугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуулиар дээрх зөрчлийг давтахгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо болон бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай.
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлага”-ыг баталсан. Санал авах байрны гадна орчин явган болон тэргэнцэртэй иргэн зорчих боломжгүй өндөр шаттай, орох гарах, гарц, зам нь халтирах эрсдэлтэй, дотоод орчинд байрны үүд хэсэг өндөр босготой, гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй байгаа нь “Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлага”-ын 4-т заасан шаардлагыг хангахгүй байх тул Сонгуулийн төв байгууллагаас тус зааврын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай байна.
Санал авах хэсгийн хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тухайлбал сонсголгүй хүнтэй харилцах дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй хорооны гишүүн байхгүй байна. Сонгуулийн хэсгийн хороодын дарга, гишүүд хөгжлийн бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүй, ялгаварлан гадуурхахгүй байх талаар сургалт, мэдээллээр хангах.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт “Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна” гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлэх.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр ажиглалт, мониторинг хийсэн төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудаас гаргасан дүгнэлт, саналыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар анхааран ажиллах ёстой гэлээ.
Дашрамд дурдахад, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан Институт Хүний эрхийн Газраас (АИХЭГ) болон Европын Парламент (ЕП)-ын хамтарсан дүгнэлтэд сонгуулийн тойргийг байгуулахдаа хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулахаар заасан. Сонгуулийн 13 тойргийн 11 нь сонгогчдын тоо сонгогчдын дундаж тооны хязгаараас 15 хувиар хэтэрсэн ба үүнээс Улаанбаатар хотын 4 тойрог 50 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь саналын эрх тэгш байдлын талаарх олон улсын сайн туршлага болон Ардчилсан Институт Хүний эрхийн Газраас өгсөн зөвлөмжөөс зөрж байна. Түүнчлэн сурталчилгааны хугацаанд, шинээр байгуулагдсан том хэмжээний сонгуулийн тойргуудад кампанит ажил явуулахад бэхэжсэн улс төрийн намуудад ихээхэн давуу талтай байсан талаарх мэдээллийг тайландаа тусгажээ.
Харин Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний нийт 240 ажиглагч 112 хэсгийн хороонд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын гар тооллого хийх үйл явц хуулийн дагуу явуулсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна. Ингэхдээ:
- 112 хэсгээс 48 хэсэг тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй,
- 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй
- 16 хэсэгт харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх брайль үсэг бүхий хавтас байгаагүй гэж дүгнэжээ.