Н.Энхбаяр: Ерөнхий сайд 26 суудлаар илүү байж, огцрохоос айж хамтарсан Засгийн газар байгуулж болохгүй
МАН, АН, ХҮН нам Засгийн газар хамтран байгуулах болсон. Тэгвэл энэ талаар МАН-ын гишүүн Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрээр Засгийн газар хамтран байгуулахыг дэмжихгүй байгаа аж.Тэрээр “Парламентын засаглалтай оронд ялсан нам нь дангаараа Засгийн газраа байгуулдаг. Энэ бол Ерөнхий сайд бус намыг сонгодог. Ард түмэн МАН-ыг сонгож, олонх болгосон. Ард түмний даалгавар бол “Засгийн газраа дангаараа байгуул” гэж сонгосон. Харин АН-ыг сөрөг хүчин болгосон. Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийхгүй бол идэж уух, хулгай зэлгий хэтэрлээ гэсэн сонголт хийсэн. Харамсалтай нь МАН, АН, ХҮН намынхан ард түмнийхээ сонголтыг үл хүндэтгэх байдал гаргаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэхээс илүү АН-ын Л.Гантөмөр даргыг шүүмжилмээр байна. ХҮН нам дэндүү жижиг учраас шүүмжлээд байх хэцүү. АН 42 суудал авчихаад сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой. Ингэж ажил, албан тушаал дээр очих гэж чичрэх хэрэггүй. Засгийн газарт орчихвол АН сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахгүй. Хээл, хахууль, авлига өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдэнэ. Парламентын засаглалын зарчмаа зөрчиж эвслийн Засгийн газар байгуулахаар улайрч байгаа АН-ынханд харамсаж байна. Уг нь Ардчилсан нам ардчилсан зарчмыг хамгийн их хамгаалдаг нам байх ёстой. Олон суудал авбал Засгийн эрхээ аваад ажилладаг, цөөн суудал авбал сөрөг хүчнээ хийгээд явдаг байх ёстой. Харамсалтай нь ингэж төлөвшиж чадахгүй байна. Төлөвшиж чадаагүйнх нь нэг илрэх Засгийн газарт орж ажиллах. АН-ын юм ойлгодог хүмүүс шийдвэрээ хурдан өөрчлөх хэрэгтэй.Миний авсан мэдээллээр сонгуулийн орой санал хураалт дуусаагүй байхад буюу 21.00 цагт Л.Гантөмөр дарга архи уугаад эхэлсэн гэсэн. Бид хамтарсан Засгийн газар байгуулна, Шадар сайд болно гэж баяраа тэмдэглээд хүмүүс рүү утасдаад эхэлсэн гэж хэлж байналээ. Тийм байдлаар АН сонгуульд орсон бол энэ сонгууль нэртэй шоу. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ дарга АН-ыг Засгийн газарт оруулахгүй байх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ сайд огцрохоос айх хэрэггүй. Сайн ажиллавал огцрохгүй. Нэг хүний суудал илүү байсан ч сайн ажиллаж чадвал огцрохгүй. МАН 26 суудлаар илүү байж, огцорно гэж айж болохгүй. Харамсалтай нь Ерөнхий сайдад хэн нөлөөлөөд байгаа юм. Ийм аймхай байвал яаж улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх юм бэ” гэлээ.