“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” тохиож байна
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Энэхүү цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцов.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
Харин 1992 оноос хэрэглэж байгаа Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдагтай холбоотой.
Ташрамд сонирхуулахад, Дэлхийн бүх улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь, Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д 8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг.