Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочиллоо

0

 Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн алдарт уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, гуравт “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан, дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Улсын алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал, тавд Сүхбаатар аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ хурдаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочилж хүрэн соёолонг уясан уяач, унасан хүүхдэд баяр хүргэлээ. Энэ жил Монгол төрийн сонгуульд ард түмэн ялсан, үндэсний их баяр наадам ч ардын наадам болж хурдан морьдын уралдааны нас насны түрүү, айргийг нутаг нутгийн хурдан хүлгүүд авч, даяар олноороо баясан цэнгэж буйг Ерөнхий сайд онцлоод соёолон насны морьдыг хурд хүчний илэрхийлэл хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Улсын маань хөгжил дэвшил ч үүн лугаа байж, “Орхон түшээт” галын морьд ч олон наадмын түрүү айраг авахын ерөөлийг дэвшүүллээ.


Соёолонгийн түрүү хүрэн үрээ өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Улсын тод манлай уяач Даариймаагийн Жаргалын шонхор халтар азарганы төл юм байна. Түрүү соёолонг 12 настай Мөнхзулын Адистай хүү унаж хурдлуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *