Э.Онон: Мөшгих тогтолцоог бүтэн хэрэгжүүлэх “чанга гар”-ыг бий болгох ёстой

0

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Дархан мийт фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ононг урилаа.

—————————————————————————————–

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БУЮУ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭ-РИЙН ХӨГЖИЛ

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлын талаар нэлээдгүй ярьдаг болсон. Гэтэл бид сүүлийн 30 гаруй жилд хүнсний аюулгүй байдлыг алдагдуулчихсан явсан. Учир нь хүмүүсийн хэлж заншсан социалист нийгмийн үед малчид малаа туувраар үржлийн асуудлыг нь зохицуулж ирсэн. Мөн үйлдвэрт нядалгаа хийлгэж байсан зэрэг нь хүнсний аюулгүй байдлыг хангах том хөшүүрэг болж ирсэн. Харин орчин үед энэ байдал мөрдөгдөхөө больсон. Ингэснээр хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, стандарт шаардлагын дагуу нядалж, сэврээх технологийг алгасаж, стандарт бус тээвэрлэлтээр нийслэл рүү мах нийлүүлдэг атлаа хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэж ярих нь хэт өрөөсгөл. Тиймээс мах нийлүүлэлтийн шат дамжлагыг алгасахгүйгээр хийх шаардлагатай. Тэгэхээр үйлдвэрийн аргаар мах бэлтгэх нь махны шим тэжээлийг алдагдуулахгүй байх боломжтой. Монголчууд шинэ махны амт чанар илүү гэдэг. Гэтэл сэрвээлт зөв хийгдээгүйгээс махны шим тэжээл алдагдаж байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх тухай ярьдаг атлаа бодит байдал дээр хөгжлийг нь боомилдог гэхэд буруудахгүй. Жишээлбэл, махны үйлдвэрүүд хаалгаа барихад бэлэн болсон. Хэдийгээр холбоон дээр бүртгэлтэй 200 гаруй үйлдвэр байгаа ч үйл ажиллагаа эрхэлдэг нь 50 орчим үйлдвэр бий. Эдгээрээс дийлэнх нь гаднын хөрөнгө оруулалттай байдаг бол 10 орчим нь л 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар боссон гэж болно.

Махны үйлдвэрийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд хяналтын системийг сайтар ажиллуулах шаардлагатай. Үүнд мэдээж малчдын үүрэг, хариуцлага ч хамаарна. Сүүлийн үед малчид тоо толгойндоо анхаарлаа хандуулах болсон. Угтаа бол чанартаа ч анхаарах ёстой. Би энэ салбарт ажиллаж эхэлснээс өнөөг хүртэлх цаг хугацааг харвал мал улам л давжаарч байгаа. Энэ нь цус ойртолтоос үүдэлтэй. Малыг туувраар дамжуулан үржлийн асуудлыг шийддэг тухай би дээр дурдсан. Гэтэл орчин үед бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг асуудлаас үүдэн нутаг дамжин тууварлахыг хориглочихсон байгаа юм. Үнэн хэрэгтээ энэ нь малыг цус ойртолтоос хамгаалах арга байсан юм шүү дээ. Энэ мэтчилэн төр бодлогоор зохицуулах, малчид болоод үйлдвэрлэгчид үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Монголчууд буух эзэн, буцах хаягтай байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгвэл хүнсний аюулгүй байдал талаасаа, хүний эрүүл мэндтэй холбоотой гэдэг утгаар нь авч үзэн мах бэлтгэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага цаг хугацааны эрхээр үүсч байна л даа.

ЭРЭМБЭ АХИХ ӨРСӨЛДӨӨН БА ШУДАРГА ЗАРЧИМ

Махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эхний удаад одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг эрэмбэлэх ёстой. Энэ ажлыг 2-3 жилийн өмнө хийж эхэлсэн боловч бодит үр дүн алга. Үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдэд ч тодорхой мэдээлэл алга байна. Жишээлбэл, үйлдвэрүүдийг ТОП 100 аж ахуйн нэгж гэдэг шиг эрэмбэлээд зэрэг тогтоогоод эхэлбэл, чөлөөт өрсөлдөөн бий болно. Магадгүй өнөөдөр алдаа гаргаж зэрэглэл буурсан ч түүнийгээ засаж залруулаад эрэмбэ ахих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бүхний эцэст зах зээлийн зарчмаар бизнесийн цэвэр өрсөлдөөн бий болж үйлдвэрлэл хөгжих учиртай юм.

Нөгөөтээгүүр нийгэмд эрүүл аюулгүй мах хэрэглэх дадлыг бий болгохын тулд хяналтыг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас эхлээд энгийн хэрэглээнд ч үйлдвэрийн аргаар нядалж бэлтгэсэн махыг хэрэглэх нь миний, таны, бидний эрүүл амьдрах үндэс гэдгийг ойлгуулах шаардлагатай. Ингэснээр чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдөх чадвартай болох нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гар аргаар төхөөрч бэлтгэсэн мах борлуулагдахаа болихын цагт малчид малаа махны үйлдвэрт өгдөг болно гэсэн үг. Үүний үр дүнд мал бэлтгэлийн үйлдвэрлэл хөгжихийн зэрэгцээ түүнийг дагаж боловсруулах, бэлтгэн нийлүүлэх үйлдвэрлэлүүд ч хөгжинө. Үндсэндээ каластераар ажиллах боломжийг бий болгосноор туслан гүйцэтгэх газруудаас эхлээд хамтран ажиллада үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний үнэ, хөлс тогтворжих боломж бүрдэх юм.

МӨШГИХ ТОГТОЛЦОО БУЮУ ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОЦЕСС

Түүнээс гадна мал эмнэлгийн мөшгих системийн үр нөлөөгөөр алхам бүрийг хянах тогтолцоо бий болж байгаа юм. Тодруулбал, Ховд аймгийн Дарви сумын малчин Дондогийн бор зүсмийн хязаалан хонь хэдийд эм тарилга хэрэглэсэн. Мах бэлтгэлийн аль үйлдвэрт очсон. Ямар аргаар нядлагдсан гэх мэтээр бүхий л мэдээлэл нь маш нарийн бүртгэгдээд явах учиртай. Тэр ч бүү хэл эцсийн хэрэглэгчид очсон мэдээлэл ч энд багтана. Энэ тохиолдол нь эцсийн дүндээ эрүүл аюулгүй хүнс хэрэглэж байгаа эсэх баталгаа болох юм. Гэхдээ одоогоор энэ системийг бүрэн ашиглахгүй байна гэж харж байгаа.

Тэгэхээр мөшгих тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд төрийн зүгээс хариуцах эзэнтэй, хяналтын системийг нь чангаруулах шаардлагатай гэж харж байна. Үнэхээр хүнсний аюулгүй байдал нэн тэргүүнд эрэмбэлэгдэж байгаа бол төр мөшгих тогтолцоог бүтэн хэрэгжүүлэх “чанга гар”-ыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, ирэх оны эхнээс эхлээд гарал үүсэл нь тодорхойгүй махыг зарахыг хориглоно гэж шийдвэр гаргасан. Гэхдээ хэрэгжих эсэхэд эргэлзэж байна. Учир нь Монгол Улсад хууль гурав хоног үйлчилдэг гэдэг. Энэ нь бодит амьдрал дээр харагддаг. Харин аливаа шийдвэрийг гаргахдаа тодорхой хугацаа заахаас илүүтэй хэрэгжилтийг нь хэн хянах, хэн мөрдүүлэх вэ гэдгийг нь зураглах нь илүү үр дүнтэй байх болов уу.

ЭКСПОРТ БА ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

Монголчууд махаа экспортод квотгүй гаргадаг болсон нь сайн мэдээ. Гэхдээ үүнийг дотор нь бог, бодоор ялгаатай байдлаар тогтоох нь чухал байсан. Хэдийгээр монголчууд 70 гаруй сая толгой малтай гэж байгаа ч бодит амьдрал дээр 50 гаруй сая байх болов уу гэж хардаг. Нөгөөтээгүүр гадагшаа экспорт хийхийн тулд тухайн компанийн ажилласан түүх болоод эрэмбэ, рейтингийн талаарх мэдээлэл гаднынханд илүү чухал байдаг. Гэтэл бид дотооддоо үйлдвэрүүддээ зэрэглэл тогтоож эрэмбэлж чадахгүй байна.

Махыг экспортод гаргах гэж байгаа нь сайн хэрэг. Харин үүнийг хянах, хэрэгжүүлэх шаардлага үүснэ. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байжээ гэж хардаг. Учир нь тэднийг ажиллаж байх үед тодорхой үнэлэмж, үнэлгээ байсан. Бас хяналттай ажилладаг байж. Тэгвэл одоо энэ чиг үүргийг хаанах хариуцаж байгаа вэ гэдэг тодорхойгүй байгаагааас бизнесийнхэнд тэр дунд үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулдаг болсон. Салбарын яам, гааль, мал эмнэлэг гээд аль газрынх нь бодлого шийдвэрийг дагах ёстой вэ гэдгийг ойлгоход хэцүү, хэт төөрөгдүүлж байгаа нь гаднынханд ч хүндрэл учруулж байна. Бид мах экспортод гаргах тухай яриад явахаар “Танайх дотроо асуудлаа сайтар шийдээд бид аль газартай харилцаж мэдээлэл солилцох вэ гэдгийг тодорхой болгоод хэлээрэй” гэдэг. Энэ бүхэн эцэстээ бид гаднынханд тодорхойгүй, ойлгомжгүй байгаа гэдгээ харуулж байгаа хэрэг. Нөгөөтээгүүр төрийн байгууллага, цэцэрлэг, сургууль үйлдвэрээс махаа авна гэдэг ч гарал үүслийн бичгийг нь л хардаг. Тэгэхээр махны үйлдвэрээс гарсан мах гэдгийг зөвхөн гарал үүслийн бичгээр тодорхойлж болохгүй гэсэн үг.

КАЛАСТЕРААР ХӨГЖИХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол Улс үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд каластерийн системийг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, “Дархан мийт фүүдс” компани зөвхөн нядалгааны үйлдвэрээ илүү хөгжүүлэх хэрэгтэй. Магадгүй орчин үеийн стандарт шаардлагыг нэвтрүүлэхийн сацуу техник технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ингэснээр малчин, мах боловсруулах болон бэлтгэн нийлүүлэх өөр бусад үйлдвэрүүд дагаад хөгжих ёстой юм. Харамсалтай нь бидний бэлтгэсэн махыг худалдаж авахгүй байгаа учраас бид мах боловсруулах үйлдвэр тэр ч бүү хэл, хиам, бууз банш гээд хийж болох бүхий л үйлдвэрлэлийг оруулж ирэх шаардлага үүсч байна. Зүй нь бид дангаар энэ бүхнийг нэг дор багтаахын оронд Дорж, Дулмаагийн үйлдвэр цаашилбал, Болдын хоолны газар, Долгорын хүнд үйлдвэртэй хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Энэ нь далайцаараа эдийн засаг болоод хөдөлмөрийн зах зээлд илүү өгөөжтэй байх юм шүү дээ.

Түүнчлэн төр бизнесийг дэмжихдээ олон салаа мөчрийг нэг модонд данхайлгаад ургуулах уу. Эсвэл тус бүрдээ үржил сайтай мод болгож ой болгох уу гэдэг сонголтыг хийхдээ оновчтой тодорхойлж хэрэгжих явцыг нь хянах системийг ажиллуулах ёстой юм.

Хүмүүсийн сайн мэддэг зүйл бол нөөцийн мах. Төрөөс баахан мөнгө аваад махны үйлдвэрүүд ашиг хийгээд байгаа мэтээр хардаг. Гэтэл энэ нь зөвхөн хүүгийн татаас л өгдөг юм шүү дээ. Арилжааны банкнаас 16-17 хувийн хүүтэй зээл авлаа гэхэд 10 хувийн хүүг нь төр дааж байгаа юм. Харин үлдсэн 6-7 хувийг нь махны үйлдвэрүүд өөрсдөө төлнө. Хэрэв үйлдвэрлэлийн салбар каластераар хөгжсөн бол хүмүүс ийм ташаа ойлголттой болохгүй. Учир нь манай нядалгааны үйлдвэрийн үйл ажиллагаа бэлтгэн нийлүүлдэг, борлуулдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр ч бүү хэл малаа худалдаалдаг малчинд хүртэл нээлттэй байгаа юм. Тиймээс бидний талаарх ташаа мэдээлэл нийгэмд тарахгүй. Энэ зөвхөн махны үйлдвэрлэгчдэд хамаатай асуудал бий. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л салбарт дутагдаж байгаа асуудал л даа. Тийм болохоор Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэвэл каластерийн системийг ашиглах хэрэгтэй гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *