УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Төрийн хязгааргүй эрх мэдлээс ХҮНИЙ ЭРХИЙГ хамгаалахын тулд чанартай хууль гаргадаг байх ёстой

0

УИХ-ын гишүүн, Хуульч Х.Баасанжаргалтай ярилцсаныг хүргэж байна.

АЗИ ТИВИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛНА

-Урилга хүлээн авч, ярилцаж буй танд баярлалаа. УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтаас нэр дэвшиж сонгогдсон таны хувьд шинэ парламентад ямар мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар зорьж байна гэдгээс яриагаа эхэлье?

-Миний хувьд МАН-аас итгэл хүлээж сонгогдсон тул намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэж ажиллана. Тэр дундаа намын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хангах чиглэлийн хэд хэдэн чухал заалтууд тусгагдсан. Тэдгээрийг сонгогдсон бүрэн эрхийн хугацаандаа бодит ажил хэрэг болгохын төлөө хуульч хүнийхээ хувьд зайлшгүй ажиллах үүрэгтэй гэж бодож байгаа.

Жагсаалтаар нэр дэвшиж сонгогдох гэдэг маш онцлогтой. Аль нэг тойрог гэхээс илүү бүх ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж, тэр дундаа нийтлэг эрх ашигтай холбоотой хууль тогтоомжийн асуудал дээр хүчтэй дуу хоолой байх болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Нөгөө талаасаа бид салбар бүрийнхээ төлөөлөл болж сонгогдсон учраас салбарын дуу хоолойг маш сайн илэрхийлэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ бид сайн биелүүлж ажиллавал дараа дараагийн сонгуулиар жагсаалтын үнэ цэнийг нийгэмд илүү ойлгуулж чадна.

Мөн жагсаалтаар нэр дэвшигчдийг гаргаж ирэхийн тулд сонгогчид намыг нь дугуйлж байгаа. Тиймээс улс төрийн нам ямар чухал болохыг анхаардаг болно гэсэн үг.

Миний хувьд хүний эрхийн салбарт ажиллаж байсан болохоор хэд хэдэн ажлуудыг хийхээр зорьж байна. Бид хүүхдийн эрхийн асуудлыг олон жил ярьж ирсэн. Хууль тогтоомжоо ч шинэчлээд явдаг. Харамсалтай нь хэрэгжилт дээр алдаанууд гараад байдаг. Ялангуяа сургуулийн дотуур байрны хүүхдийн эрхийн асуудал манай орон нутагт орхигдож ирсэн.

Хүүхдүүд маань 200 гаруй хоногийг ээж ааваасаа хол дотуур байранд өнгөрүүлдэг. Асран хамгааллын асуудал, тэнд гарч байгаа хүүхдийн эрхийн асуудлууд маш ихээр тулгамддаг. Атал хуулийн хэрэгжилт дээр юуг баримтлах ёстой вэ гэдгээ бид тодорхойлж чадаагүй. Цаашид Монголчууд бид өөрсдөө загвараа гаргаж, тухайн хүүхдийн сурч, боловсрох, амьдрах орчин нөхцөлд тохирсон хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн зохицуулалтыг хийж өгөх нь чухал гэж хардаг.

Миний хувьд УИХ-ын гишүүн болохгүй байсан ч хүүхдийн эрхийн асуудлыг хууль эрх зүйн бодит хэрэгжилтэд ахиц дэвшил гаргана гэсэн зорилготой байгаа. Хоёрдугаарт, саяхан цагдаагийн байгууллагын ой болж өнгөрлөө. Цагдаагийн эрх зүйн байдлын асуудлыг эргэж харахгүй бол болохгүй болчихсон. Прокурорын байгууллагын шинэчлэлийн асуудлыг эргэж харахгүй бол болохгүй байна гэж хэлмээр байна.

Яагаад гэвэл, нийгэм даяараа хууль хүчний байгууллагад итгэх итгэл суларсан. Шударга бус байдал хууль сахиулах салбарт гараад байна гэж их хэлдэг. Тухайн салбаруудад нэг л болохгүй байна гэдэг ойлголт хүн бүрд төрдөг болчихсон. Тиймээс яг энэ шударга бусын мэдрэмжийн цаана ямар ямар тогтолцооны асуудлууд гарч ирээд байгаа юм бэ гээд үзэхээр зөвхөн шүүхийн гажуудал гэж ярьдаг.

Миний бодлоор өнгөрсөн найман жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудал харин ч ахицтай явж ирсэн гэж хардаг. Харин үүний цаана үлдэж байгаа нь цагдаа, прокурорын байгууллагын шинэчлэлүүд байгаа. Цогцоор нь шинэчлэл хийж, хоорондоо эдгээрүүд маань уялдаж чадахгүй байгаа учраас дээр хэлсэн хоёр шат дээр асуудал үүсэж байгааг хуульч хүнийхээ хувьд хэлмээр байна.

Тиймээс ирэх дөрвөн жилд цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хууль эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой гэж харж байна.

Гуравдугаарт, МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улс Ази тивийн хүний эрхийн чиглэлийн сургалт, судалгааны төвийг байгуулна гэсэн том амбицтай заалт орсон. Энэ нь ганц улс төрийн намын зорилт гэхээс илүү Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын баталгаанд маш чухал хувь нэмэр оруулах тогтолцоо гэж харж байгаа.

Бид ХЭҮК-ыг сайн мэддэг. Гэтэл ямар үүрэгтэй, юу хийдэг байгууллага вэ гэдгийг төдийлэн сайн мэддэггүй. Тэгэхээр дотооддоо байгаа хүний эрхийн чиглэлийн байгууллагуудынхаа чадавхыг сайжруулахын тулд төсвийг нь дагаад сайжруулах замаар статусынх нь хувьд олон улсын түвшинд аваачих хэмжээнд амбицтай байж сая ардчиллын гол баталгаа хангагдана гэж үзэх ёстой. Тиймээс эдгээр ажлуудыг хийснээр хүний эрхийн асуудал дараагийн шинэ шатандаа гарах байх гэсэн хүлээлттэй байна.

Эдгээрээс гадна өөр нэг чухал зүйл бол Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг батлуулчих юмсан гэсэн мөрөөдөлтэй байна. Энэ маань манай намын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа. Хамгийн анхны хөтөлбөрөө бид батлаад даруй 20 жил өнгөрсөн. Тэгэхээр 10 жилийн хөтөлбөрөө дахиж шинэчилж боловсруулаад бусад салбарын хөтөлбөрүүд үндэсний хөтөлбөртөө захирагдаад уялдаатай явах боломж нь бүрдэх юм.

Ийм алсын хараагаа бид гаргаж ирэхгүй бол зөвхөн дөрвөн жилээр хүний эрхийн асуудлыг хэмжээд явж болохгүй. Бодлогын шийдлүүдээ зоригтой гаргаад урагшлуулах ёстой гэсэн зорилгыг тавьж энэ парламентад сонгогдсон доо.

ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН Ч УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХ ОДОО Ч ЗӨРЧИГДАЖ БАЙГАА

-Та ярианы эхэнд хүүхдийн эрхийн асуудлыг хөндлөө. Таны хувьд яг энэ чиглэлээр Олон Улсын хуульчдын Барын холбооноос “ПРО БОНО” гэдэг шагналыг Монгол Улсаас хүртсэн анхны эмэгтэй хуульч. Өвлийн морин уралдаан зохион байгуулахтай холбоотой унаач хүүхдийн зөрчигдөж буй эрхийн асуудлаар тухайн үед Засгийн газрыг шүүхэд өгч ялалт байгуулж байсан гэдгээр тань хүмүүс мэднэ. Одоо унаач хүүхдийн эрхийг хамгаалсан хууль, эрх зүйн орчин хэрхэн хангагдаж байна гэж та хэлэх вэ?

-Олон улсын хуульчдын холбооноос жилдээ нэг л хуульчид Про-Боно гэдэг хүндтэй шагналыг гардуулдаг. Тухайн үед Засгийн газрыг шүүхэд өгсөн хэрэг маань шийдэгдээд дуусчихсан байсан л даа. Түүнийхээ материалыг бэлдээд олон улсын хуульчдын холбоо руу явуулсан. Тэгэхэд намайг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилласан ажлыг тань үнэлж уг шагналыг өгөхөөр шийдлээ гэдэг дүгнэлтийг тухайн үед гаргаж байсан.

-Тухайн үед 2018 онд ажиллаж байсан Засгийн газар гэхээр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Засгийн газар байхаа?

-Тийм /инээв/. Угтаа унаач хүүхдийн асуудлыг 2008 оноос эхэлж судалсан байдаг. Анх тухайн онд ХЭҮК-оос Өвлийн хурдан морины уралдааныг Засгийн газар өөрөө зарлаж байгаа нь унаач хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн албан тоотыг 2008 онд хүргүүлсэн. Гэвч өвлийн морин уралдааныг жил бүр зохион байгуулаад л яваад байсан. Харин энэ үйл явцын дүнд Гэмтлийн эмнэлэгт мориноос унаж, гэмтэж ирсэн болон хүнд бэртэж нас барсан хүүхдүүдийн датаг нээлттэй авч чаддаг болсон. Уралдааны үеэр унаж бэртсэн болон, сунгааны үеэр унаж бэртсэн хүүхдүүдийн тоон статистикийг бүтэн 10 жилээр цуглуулж чадсан.

Хоёрдугаарт, унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулдаг болгосон. Ингэхэд даатгалын компаниуд дээр мөнгө санхүүтэй холбоотой асуудал учраас унаач хүүхдүүдийн бэртэл, гэмтлийн мэдээллийг нарийн бүртгэж мэдээлэл цуглуулдаг болсон нь маш том давуу тал болсон.

Тухайн үед маш сонин кейсүүд даатгалын компанийн бүртгэлд бүртгэгддэг байсан. Өвлийн морин уралдаанд дөрвөн хуруугаа хөлдөөгөөд тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр тухайн үедээ авч байсан. Нэг талаас даатгалын компаниас тэр зардал гарч байгаа учраас нарийн бүртгэлийг хийсэн. Энэ нь бидэнд кэйс болсон нь ноцтой зөрчлүүд ил гарахад том түлхэц болсон.

Ингээд 2016 оноос эхлээд Засгийн газрыг шүүхэд өгч маргаан үүсгэсэн. Нийтдээ 2 жил шахуу хугацаанд 5 удаагийн хуралдаан болсон байдаг. Эхний гурван шат дууссаны дараа дахиж хоёр дахь удаагаа шүүхэд өгөөд хамгийн сүүлийн шатанд Засгийн газар унаач хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж буйгаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн байдаг юм.

Ингээд хурдан морины уралдааныг жил бүрийн аравдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг хориглоё гэсэн шийдвэрт хүрээд шүүх хуралдааны үр дүн дууссан.

Гэвч одоо эргэж харахад зохицуулалтад алдсан зүйл байгааг анзаарсан. Аравдугаар сарын 01-нээс гэснийг есдүгээр сарын 01-нээс, 05 дугаар сарын нэгнээс гэснийг зургаадугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд хориглох ёстой байсан юм билээ.

Яагаад 05 дугаар сарын нэгэн гэсэн гэхээр тухайн хугацаанаас морины сунгаагаа хийж эхлээд зургаадугаар сарын 10-наас уралдаан болохоор тухайн үед ярилцаж байсан. Тогтоол дээр харвал 05 дугаар сарын нэгнээс эхлээд ямар ч бэлтгэл сунгаа хийхийг хориглочихсон байгаа. Гэтэл одоо болохоор бүр 5 сарын нэгний өдрөөсөө уралдаан зохион байгуулагдаж байгаа. Сунгаагаа бүр 3-4 сард хийгээд эхэлдэг. Үүний цаана дахиад л хаврын улиралд хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Энэ асуудлыг зөвхөн өвлийн хурдан морины уралдааны цаадах унаач хүүхдийн эрхийн зөрчил гэж харахаас илүү өргөн цар хүрээнд хүүхдийн сурч боловсрох эрхтэй шууд хамааралтай гэж харах ёстой юм.

Морины хүүхдүүдийг бид их хэвлүүхэн гээд л өхөөрддөг. Хүүхдүүд өөрсдөө ч морины спортод дуртай болчихдог. Буцаад яг тэр хүүхдүүдтэй ажиллахаар сургуульд сурах асар их дургүй болчихсон байдаг. Морины уралдаандаа ороод тэндээсээ таван төгрөг авч аав ээж, гэр бүлээ тэжээгээж болдог юм байна гэсэн ойлголттой болчихдог юм билээ. Гэтэл тухайн хүүхэд 15 нас хүрээд унаачийн нас нь өнгөрнө. Хөлсний уяач л болно. Цаашлаад туслах малчин л болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн хувь заяаг бид багаас нь хүнд амьдрал руу оруулчхаж байгаа гэсэн үг.

Хожим хорин нас гарсан залуу уяачидтай уулзахаар тухайн үед сургуульд явсан бол мундаг спортын тамирчин болоод амьдралынхаа чанарыг сайжруулчих байсан юм гэж харамсаж ярьдаг. Тэгэхээр хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр бол морины уралдааны асуудал. Ийм болохоор зориуд сурч боловсрох эрхийг нь хангахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг ЗГ-аар гаргуулж чадсан байдаг. Даанч хугацааны хувьд дутуу тооцоолсон зүйл байсан нь хожим олж харсан. Цаашдаа энэ алдаагаа бид залруулж, дахин сайжруулах л ёстой.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР НУУЦ ГЭДГЭЭР “ХАЛХАВЧИЛЖ” ХҮНИЙ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧДӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ

-Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч хүний хувьд салбар бүрд тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлыг та анхаарч ирсэн байх. Саяхан УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанд цэрэг дэглэлт, дүрмийн бус харилцааны асуудлыг ярьж хяналттай болгох шаардлагатай гэж санал оруулж байсан. Яагаад энэ асуудлыг хамгийн түрүүнд ам нээж, хөндөх болсон бэ?

-Бидний ярьж заншсан цэргийн дэглэлтийг хуулийн нэр томьёонд дүрмийн бус харилцаа гэж оруулсан байдаг юм билээ. Хуульч хүнийхээ хувьд үүнд маш их эмзэглэж явдаг. Батлан хамгаалах салбар өөрөө улс орны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй онцлог салбар. Сүүлд МУИС-ийн социологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар иргэдийн хамгийн их итгэдэг институт нь Батлан хамгаалах салбар гэж үзсэн байсан. Гэтэл хүмүүсийн хамгийн их итгэдэг салбар нь өөрөө фактууд олонтой. Энэ салбарт бид итгээд 18 нас хүрсэн хүүгээ, дүү нараа итгэл дүүрэн цэрэгт явуулж чаддаггүй.

Сүүлийн үед цэрэг амиа алдсан хэд хэдэн кейс нийгмийг эмзэглүүлсэн. Үнэхээр тийм болохоо байчихсан салбар юм уу. Эсвэл болохгүй байгаа ганц нэг асуудал тэр дотор байгаад түүнийгээ засаж чадахгүй яваад байна уу гэдгийг олох ёстой.

Би хувьдаа бодоход зарим нэг болохгүй зүйл ээн салбарт бий. Түүнийгээ засах оролдлого хийх ёстой гэж хардаг. Түүнээс биш Батлан хамгаалахын салбарт бүхэлдээ итгэж болохгүй болчихсон салбар гэж дүгнэж болохгүй.

Манай судалгааны хүрээлэн энэ асуудлаар судалгаа хийх гэж оролдсон. УЕП-ын Сургалт судалгааны хүрээлэнгээс тоон мэдээлэл авъя, Батлан хамгаалах яамнаас тоон мэдээлэл авъя, Зэвсэгт хүчний жанжин штабаас тоон мэдээлэл авъя гэж хөөцөлдсөн. Сүүлийн 10 жилийн датаг цуглуулах боломжгүй юм гэхэд ядаж сүүлийн 5 жилийн мэдээллийг цуглуулахаар оролдсон. Учир нь эрүүгийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа яг энэ 4-5 жил дотор үргэлжилдэг гэдэг утгаар бодсон. Тэгэхэд дандаа улсын болон байгууллагын нууц гэдгээр нэгдсэн тоон мэдээлэл гаргаж өгдөггүй юм билээ.

Хоёрдугаарт, ХЭҮК-оос мөн энэ чиглэлийн судалгааг хийсэн байдаг. Гэхдээ нийт гарсан зөрчил, гэмт хэрэг гэхээс илүүтэй тодорхой нарийвчилсан судалгааг мөн л олж авч чадаагүй.

Цэргийн салбарт яг ямар дүрмийн бус харилцаа байдаг вэ гэдгийг ХЭҮК-ын судалсныг харвал түүнд маш ноцтой хэд хэдэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл дэглэлт нууц буюу далд хэлбэрээр үйлдэгддэг нь өөрөө бидэнд барьж авах тоо олдохгүй байгаагийн нэг шалтгаан болж өгсөн.

Мэдээж Батлан хамгаалах салбарын ажил нэг талаас улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас нууцын зэрэглэл байлгүй яах вэ. Гэхдээ тодорхой хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гэхээс илүү яг ямар төрлийн зөрчил, гэмт хэргүүд үйлдэгдээд байгааг яаж шийдвэрлэсэн байдаг юм гэдгийг судлах гэж үзсэн л дээ. Харамсалтай нь тухайн асуудал руу бид “нууц” гэдэг халхавчаар гүн гүнзгий орж судалж чадаагүй.

Тиймээс энэ асуудлыг цаашдаа заавал судалж үзэх ёстой. Тэгж байж дүн шинжилгээ хийж, тухайн салбарт тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй.

Өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа энэ төрлийн кейс дээр ажиллаж байсан. Хохирсон цэргүүдтэй ажиллахад дэглэлт нууц хэлбэрээр маш их явагддаг нь харагдсан. Үүний цаана цэргийн сургуулилт, дэг журам өөрөө хүний эрхэд ээлтэй байх тухай ойлголт дэндүү хомс. Тэнд нэн тэргүүнд цэргийн хууль үйлчилнэ гэж байгаа. Үүнийг нь ойлгоно. Гэсэн хэдий боловч хүний эрүүл мэнд, аюулгүй байдал амь насны асуудлыг анхаарсан зүйл сургалтын программд нь огт тусгагдаагүй. Энэ байдал нь тухайн салбарыг суурь асуудал руугаа өнгийж харах цаг болсныг илтгэж байгаа хэрэг.

УЛС ТӨР ДЭХ МӨНГӨНИЙ ХАМААРЛЫГ САЯЫН СОНГУУЛИАР ХАЛЖ ЧАДААГҮЙ

-Та өмнө нь парламентын үйл ажиллагааг гаднаас багагүй шүүмжилж, ярьж ирсэн хүн. Ялангуяа 2019 онд ҮХНӨ хийгдэхийн өмнө Хүний эрхийг хангасан, тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой гэж байр сууриа илэрхийлдэг байсныг санаж байна. Сүүлд өөрчлөлт оруулахдаа Сонгуулийн хуульд мөн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Улс төрийн намын тухай хууль ч шинэчлэгдсэн. Таныхаар хэр чадамжтай, сайн хуулиуд болж гарсан гэж үзэх вэ?

-Тийм. Одоогийн парламентад суудал авсан 126 гишүүнээс маш их зүйл хамаарна. Дээр нь УИХ-ын тухай хууль, дэгийн хууль шинэчлэгдсэн. Эдгээр нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ бид сая Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоомжуудаа өөрчлөөд нэг сонгууль явуулж үзлээ. Багадаа гурван удаагийн сонгуулийг дээрх тогтолцооны өөрчлөлтөөр хийж байж бид хуулийн үр дүнг мэдэрч эхэлнэ. Яг нарийндаа өнгөрсөн найман удаагийн сонгууль бүгд өөр аргаар явагдсан. Сонгууль бүрийн өмнө хуульдаа гар дүрдэг. Тоглоомын дүрмээ сонгуулийн босгын өмнө тогтоодог байдал хуулийг дархлаагүй болгож, төрийн тогтолцоог чадамжгүй болгож байгаа хэлбэр гэж үздэг.

Тиймээс ирэх хоёр ч удаагийн сонгуулийг бид яг энэ өөрчлөлтийн аргаараа хийх ёстой. Тэгж алдаа, оноогоо олж харах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг олон улсын байгууллагаас манайд өгдөг.

Харин сонгуулийн хуульд засах зүйл байсан. Саяын сонгуулиар хэд хэдэн асуудал үүссэн. Бид улс төр дэх мөнгөний хамаарлыг сая хийсэн сонгуулиараа салгах оролдлого хийсэн ч чадаагүй. Маш их мөнгөний хамааралтай сонгууль болох тусмаа иргэд улстөрчдөөс шударга ёсыг нэхэх нь өөрөө утгагүй асуудал.

Намайг баруун аймагт ажиллаж явахад нэг сонгогч надаас “өнгөрсөн 2020 оны сонгуулиар 300 мянган төгрөг өгч байсан. Одоо 500 мянган төгрөг өгөхөөс нааш тэр нэр дэвшигчид саналаа өгөхгүй шүү гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Тэгэхэд би тэр хүнд “та нэр дэвшигчээс 500 мянган төгрөг нэхэх юм бол тэр хүнийг бид авлигалаас ангид байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Энэ чөтгөрийн тойргийг бид өөрсдөө таслан зогсоох ёстой” гэж хэлсэн.

Тэгэхээр бид ганцхан сонгуулийн жилд биш, бусад бүхий л хугацаанд иргэдэд саналын үнэ цэнэ, сонгогдсон гишүүний үүрэг хариуцлага гэдэг зүйлийг байнга сануулж, мэдээлжүүлэх хэрэгтэй санагдсан. Дараагийн дөрвөн жилд мөнгө ба улс төр гэсэн энэ хамаарлыг яаж өөрчлөх вэ гэдгээ дахиад л хуульдаа өөрчлөлт оруулж хийх л ёстой гэж харж байна.

Хоёрдугаарт, улстөрчдийн хүлээн зөвшөөрөлт гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өмнөх хоёр ч удаагийн сонгуулиар энэ асуудал хөндөгдөөгүй. Тухайлбал, 2008-2012 оны сонгуульд нэр дэвшсэн хүн тухайн тойргийн сонгогчдынхоо 30 хувийн саналыг авсан бол УИХ-д сонгогдсонд тооцдог байсан. 2015 онд сонгуулийн хуульд өөрчлөлт орохдоо энэ босгыг авч хаяад “хамгийн олон санал авсан нь” гээд өөрчилчихсөн. Угтаа тухайн нэр дэвшигч нутаг дэвсгэрийнхээ нийт сонгогчдын 30 хувьд хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд парламентын босго давдаг байсан тогтолцоог хассан.

Одоо зүгээр л хамгийн олон сонгогчийн санал авсан нь сонгогдож байна. Тэгэхээр нэр дэвшигч тухайн тойрогтоо хэдэн сонгогчид байхаас хамаарч илүү олон санал авсан бол сонгогддог байдал руу орсон гэсэн үг. Үүний цаана нийтээрээ улстөрчдөд итгэх итгэл алдарсан байдал байгааг өөрчилж чадахгүй байгаа нэг шалтгаан.

Тиймээс дараагийн сонгуулиудад тэр шалгуурыг хуульдаа сэргээж оруулъя гэсэн байр суурийг миний хувьд илэрхийлж ажиллах болно. Ингэж байж улстөрчдийн лэгитм чанар, босгыг нь оруулж ирэх хэрэгтэй. Үүний ард парламент өөрөө чадваргүй, чанаргүй улстөрчдөөс ангижрах боломжтой гэж ойлгож болно.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *