Монголд боксын дэлхийн цомын тэмцээн болно
Монголын боксын холбоо ирэх есдүгээр сарын 23-26-нд Дэлхийн боксын холбооны дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хүлээж авахаар болжээ.
Дэлхийн боксын холбооны тэргүүн Борис Ван Дер Ворст Улаанбаатар хотод зочлох үед энэ яриа батлагдсан байна. Түүнийг Нийслэлийн Засаг дарга, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямбаатар хүлээн авч уулзаж, тохиролцоонд хүрчээ. “UG Arena”-д дөрөв хоногийн турш үргэлжлэх тус тэмцээн Азид анх удаа зохиогдож буйгаараа онцлогтой. Өмнөх хоёр цомын тэмцээн Англи, АНУ-д болсон юм.
Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд тамирчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчин арваннэгдүгээр сард Английн Шеффилд хотод болох дэлхийн цомын финалын шатанд өрсөлдөнө.
Дэлхийн боксын холбооны тэргүүн Борис Ван Дер Ворст, “Азид анх удаа Дэлхийн боксын холбооны цомын тэмцээн хийх гэж байгаадаа баяртай байна. Монголын боксын холбоонд талархаж байна” гэжээ.
Ташрамд сонирхуулахад, Монголын боксын холбоо нь хоорондоо өрсөлдөж буй IBA, World boxing хоёр холбооны хоёуланд нь гишүүнчлэлтэй юм байна.