Алтны үнэ түүхэнд анх удаа 2500 ам.доллароос давлаа

0

Пүрэв гарагийн өглөө унц алтны үнэ түүхэнд анх удаа 2500 доллароос давлаа. Энэ нь АНУ-ын Холбооны нөөц сан бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан, мөн геополитикийн эрсдэлүүд нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Нью-Йоркийн Comex биржид өнөө өглөө Москвагийн цагаар 07.39 цагт /Улаанбаатарын цагаар 12.39 цагт/ 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 17,2 доллар буюу 0,7 хувиар өсөж 2490,2 долларт хүрчээ. Үүний өмнөхөн хамгийн дээд тал нь 2502,6 долларт хүрч өссөн юм. Мөн 9 дүгээр сард нийлүүлэх нэг унц мөнгөний фьючерс хэлцлийн үнэ 0,43 хувиар өсөж, 29,062 долларт хүрсэн байна.

Лхагва гарагийн орой болсон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хуралдаанаар бодлогын хүүг жилийн 5,25-5,5 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь доллар болон алтны ханшид нөлөөллөө.  

Одоогийн байдлаар долларын индекс буюу АНУ-ын худалдааны гол түншүүд болох 6 улсын валютын сагстай харьцуулсан долларын ханш 0,13 хувиар буурч, 103,96 болоод байна.

Түүнээс гадна, хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Исмаил Хания Израилын агаарын цохилтод өртөн амиа алдсан билээ.  

Хямрал даамжрах тусам алтыг найдвартай актив гэж үзэх нь нэмэгдэж, улмаар ханш нь өсөж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *